Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Тэмдэглэл – Б.Мөнхжаргал, “PROJECTED™ ПОДКАСТ БАГТ АЖИЛЛАХ НЬ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ЗҮЙЛСИЙН НЭГ ЮМ” – Project Management Institute Mongolia

Тэмдэглэл – Б.Мөнхжаргал, “PROJECTED™ ПОДКАСТ БАГТ АЖИЛЛАХ НЬ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ЗҮЙЛСИЙН НЭГ ЮМ”

Намайг Мөнхжаргал гэдэг. Би PROJECTED™ подкастын багт сайн дурын ажилтнаар ажилладаг ба “подкаст баг”-таа 1 жил 6 сарын хугацаанд ажилласан байна. Анх 2018 оны 10 сард 2 өдрийн турш зохион байгуулагдсан “Shifting towards to future excellence” ОУ-ын төслийн менежментийн хуралд оролцож, PMI® болон Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ-ын талаар мэдэж авч байлаа. Түүний дараа 2019 онд “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Facebook хуудсанд байршуулсан сайн дурын ажил хийх тухай мэдээллийг хараад, өөрийнхөө CV-гээ илгээчихсэн. Удалгүй ярилцлагад орох тухай и-мэйл ирж, тухайн үед ажлынхаа цайны цагаар, “Café de la paix” coffee shop-д багийнхаа 2 бүсгүйтэй хамгийн анх удаа уулзаж байв. Өмнө нь подкаст дээр ажилласан туршлагагүй, яг ямар ажлыг, ямар багт, хэдий хугацаанд хийх гэх мэт нарийн ойлголтгүй байсан ч ажиллахаар болсондоо маш их баярлаад л буцаад ажил руугаа явж байснаа санаж байна. Учир нь тухайн үед төслийн менежментийн талаар суралцахаар шийдээд, хаанаас нь, хэрхэн эхлэхээ мэдэхгүй “усанд хаягдсан чулуу” шиг будлиад л, өөрийнхөө хэмжээнд судалж эхэлж байсан үе минь юм.

Одоо манай баг подкаст төсөл эхлэхэд ажиллаж эхэлсэн санаачлагч Хулан эгч болон надтай хамт ажиллаж эхэлсэн Азсоёл гэсэн 3 хүний бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Бид “Бизнес Радио” 98.9 радионы залуустай хамтарч, Монголын жинхэнэ бүтээгч эрхмүүдийг урьж оролцуулан, тэдгээр хүмүүсийн төслийн менежментийн мэдлэг, олон улсын стандарт, тэргүүн туршлагын талаар сорчлон яриа өрнүүлж,  сонсогчидтойгоо хуваалцах зорилготой PROJECTED™ подкастаа бүтээдэг. Энэхүү багийн зорилгоо өөрийн суралцах хүсэлтэйгээ нэгтгэн, өөдрөг, урам зоригтойгоор ажиллахыг хичээж байна. Ингэж ажилласнаар салбараа манлайлж буй шилдэг мэргэжилтнүүдтэй уулзаж, яриаг нь сонсон, хамт яриа өрнүүлж, аливааг өөр өнцгөөс харах, танилын хүрээгээ тэлэх, харилцааны ур чадвараа хөгжүүлэх гэх мэтчилэн олон үр өгөөжийг бий болгодог. Залуу хүн учраас тэдгээр хүмүүсийн ярианаас ажил, амьдралын олон талын мэдлэг, туршлагыг нь сонсон, гүн гүнзгий ойлгож авахыг хичээдэг. Мөн багийн гишүүдээсээ подкаст дээр ажиллахын хажуугаар хэрхэн бүтэн цагийн ажил болон өөр илүү том цар хүрээтэй төслүүд дээр зэрэг ажиллаж, сурч, гэр бүл, хувийн амьдралаа зохицуулж, төлөвлөх талаар суралцсаар л байна. Тэднийгээ хараад үнэхээр биширч бахархдаг. Бид гуравт анхны зочноо хүлээж авсан, анхны дугаараа цацсан гэх мэт урам зориг дүүрэн, жаргалтай, хөгжилтэй мөчүүд маш олон бий шүү.

Мөн энэ хугацаанд сайн дураар ажиллах тухай миний бодол их өөрчлөгдсөн. Өмнө нь олон улсын хурлын зохион байгуулалтын багт оролцох, хандив тусламжийн хэд хэдэн арга хэмжээнд оролцсоноороо л сайн дурын ажил хийх, сайн дурын ажилтан байх тухай өөрөө өөртөө бяцхан дүгнэлт гаргачихсан байсан. Гэтэл тогтвортойгоор, ажлын хэмнэлээ алдагдуулахгүй, хариуцлагатайгаар ажиллах нь тухайн хүнээс байнгын хичээл зүтгэлтэй, сахилга баттай, хүсэл эрмэлзэлтэй байхыг шаарддагийг ойлгосон. Мөн тухайн хариуцсан ажлыг сэтгэлээсээ, хамгийн сайнаараа хийхгүй л юм бол хийгээд хэрэггүй байдгийг, хамгийн сайнаараа хийсэн ажил маань бусдад хүлээн зөвшөөрөгддөгийг, түүнээс цааш хамгийн сайнаараа хийгээд ч хангалтгүй байж болох тул өөрийгөө байнга хөгжүүлж, хөдөлмөрч байх ёстойг ажиллах явцдаа олон удаа мэдэрсэн. Бусдаас сонсож, заалгаж сурах, нөгөөтээгүүр тухайн нөхцөл байдлаас туршлагажиж, өөрөө мэдэрч сурах нь өөр шүү дээ. Хүн амьдралынхаа туршид суралцдаг учраас миний хувьд суралцах аяллын минь нэгээхэн хэсэг, үнэ цэнтэй хугацаа PROJECTED™ подкаст болон багийнхантай минь хамт өнгөрч байна. Үүнд маш их талархаж байгаа.

Өнгөрсөн 7 хоногт буюу 11 сарын 11-нд Ковид-19-ийн дотооддоо алдсан тохиолдол илэрснээс хойш манай баг өмнө гаргасан төлөвлөгөөгөө дахин харж, хатуу хөл хорионд зохицон ажиллах нөхцөл байдал үүсэж байна. Хэдий тийм боловч хамгийн гоё нь бусдад хэрэгцээтэй хирнээ өмнө нь байгаагүй зүйлийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулах нь залуу хүний хувьд маш сэтгэл хөдөлгөм байдаг шүү дээ. Миний хувьд PROJECTED™ подкастад ажиллах нь тэдгээр сэтгэл хөдөлгөм зүйлсийн нэг юм.

Comments

  • No comments yet.
  • Add a comment