Тэмдэглэл – Б.Азсоёл, “ЭЭЛЖИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ХАЙЖ БАЙГААД АНХ PMI® MONGOLIA CHAPTER-ИЙН ТУХАЙ МЭДЭЖ БАЙСАН”

Миний хувьд PROJECTED™ подкастын багт сайн дурын ажилтнаар 2019 оны 3-р сараас хойш ажиллаж байна.  2019 оны ээлжийн амралтаа илүү үр дүнтэй өнгөрөөх зорилгоор мэргэжил дээшлүүлэх, харилцааны ур чадвараа илүү сайжруулах сургалт хайж байгаад Пи Эм Ай Монголиа Чаптэр®-ийн 2 хоногийн сургалтад суухаар шийдэж байсан.

Уг сургалтаар дамжуулж PMI болон Монголын салбар байгууллагын талаар мэдэж, PMI Mongolia Chapter®-ийн бүх гишүүд сайн дураар ажилладаг, бүгд өөр өөрсдийн бүтэн цагийн ажилтай хэдий ч, цаг зав хүч хөдөлмөрөө гарган, чин хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан  зорьж ажиллаж байгааг олж мэдээд, ажлын хажуугаар ийм их зүйл амжуулж, бүтээлч байж  болох талаар ойлголтыг авч маш их урамшиж байсан.

Түүний дараа PMI Mongolia Chapter-ийн Facebook хуудсанд байршуулсан сайн дураар ажиллах тухай мэдээллийн дагуу CV-гээ илгээж, ярилцлагад ороод ажиллахаар болж байсан юм. Подкастын талаар ямар ч туршлага байхгүй учир тухайн үед их сандарч байсан боловч ярилцлагад тэнцсэнээ сонсоод маш их баярлаж байсан. Хамгийн анхны уулзалтаар Төслийн спонсор маань бидэнд сургалт явуулсан. Мөн бид багаараа хамтдаа сууж “миничаптэр” буюу дүрмээ ярилцаж гаргасан. Тэр үед л юу хийх гэж байгаа, ажлын цар хүрээ, цаашаа хэрхэн авч явах дүр зургаа ойлгож авч байв.

Одоо манай баг Төслийн спонсор – Б.Хулан, Төслийн удирдагч – Б.Мөнхжаргал болон миний бие Төслийн зохицуулагч гэсэн 3 хүнтэй. Мөн бид Бизнес Радио 98.9-тэй хамтран ажилладаг.

Бид төслийн удирдлагын олон улсын стандарт болох PMBOK® Guide-ийн дагуу 10 мэдлэгийн хүрээнд тулгуурлан, сонсогчдодоо төслийн удирдлагын арга аргачлалын талаар мэдээлэл хуваалцах, жинхэнэ бүтээгч эрхмүүдийг урин оролцуулж тэдний бодит туршлага, мэдлэгийг өсөж буй залуу төслийн менежерүүдэд хүргэх зорилгоор PROJECTED™ подкастаа бүтээдэг.

Бид подкастын анхны дугаараа 10-р сарын 5-нд олон нийтэд цацаж байсан. Энэ хугацаанд зочин оролцогчоо судлах, ярилцлагын сэдвээ тодорхойлох зэрэг ажлууд хийсэн ба подкастаа цацахаас 7 хоногийн өмнө PMI®-ийн бүх лого мэдээлэл брэндбүүк шинэчлэгдсэнтэй холбоотой бид постер мэдээллүүдээ дахин шинэчлэх шаардлага тулгарч байв. Багийн гишүүд болон хамтран ажиллаж байсан хүмүүс маш хурдан өөрчлөлтийг оруулж подкастаа анх олон нийтэд хүргэж байсан.

Одоогоор бид нийтдээ 16 дугаарыг сонсогчдодоо хүргэсэн ба подкастынхаа 2 дугаар улирлын дугааруудыг илүү шинэлэг бүтээлч сонирхолтой бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

PROJECTED™ подкаст багт ажиллах хугацаандаа олон чухал зүйлсийг зэрэг амжуулах хэрэгтэй болсон. Тиймээс ажлын төлөвлөлт дээрээ л сайн ажиллахад болно гэж өөртөө дүгнэлт хийгээд, амжуулж чадна гээд бодсон. Зөв төлөвлөхөөс гадна, баг болон хамтран ажиллаж байгаа тул хийж буй ажлаа яг цаг хугацаандаа хийхэд анхаарлаа хандуулж, хичээл зүтгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй, хариуцлагатай байж үр дүнтэй ажиллах хэрэгтэйг ойлгосон.

Мөн COVID 19-с шалтгаалж бид анх удаа подкастаа зайнаас бичин, олон нийтэд хүргэж байв. Тухайн нөхцөл байдалдаа тохируулан, подкастаа зогсоохгүй үргэлжлүүлэн гаргах боломжтой болох үед бид гурав анхны дугаараа гаргаж байсан шигээ л маш их баярлаж, урам зориг дүүрэн үргэлжлүүлэн ажиллаж байснаа дурсахад маш гайхалтай санагддаг. Үүний зэрэгцээ багийн гишүүд мэдээлэл солилцохдоо үл ойлголцох, гүйцэтгэл хангалтгүй байх зэрэг алдаа дутагдлууд байсан хэдий ч бүтээхийг хүссэн зорилго, тогтвортой үргэлжлүүлэн ажиллах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн, улам сайжирч, бүтээлч контент хүргэхээр багийнхантайгаа урам зориг дүүрэн ажиллаж байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment