ШИНЭХЭН PMI-PMOCP™-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Доржийн Оюундарь Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс (PMI-PMOCP)™ буюу Төслийн удирдлагын нэгжийн мэргэшсэн зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Д.Оюундарь нь Компьютер Техник Менежментийн сургуулийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр төгссөн бөгөөд Калифорниа мужийн их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн.

Тэрээр ажлын гараагаа мэдээлэл технологийн томоохон групп компанид эхлүүлж, програм хангамж болон мэдээллийн технологийн төслүүдэд төслийн ажилтнаас төслийн менежер хүртэл дэвшин ажилласан. Энэ хугацаанд төслийн удирдлагын чиглэлээр гүнзгийрүүлэн ажиллаж, 2018 онд төслийн удирдлагын олон улсын мэргэшсэн зэрэг болох PMP гэрчилгээг эзэмшсэн.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарын төслүүдэд түлхүү ажиллаж, 2021 оноос байгууллагын түвшний төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, нэвтрүүлэх чиглэлд төвлөрөн Төслийн удирдлагын оффис (PMO)-д ажиллаж байна.
2025 оноос Улаанбаатар хотын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтэст төслийн удирдлага нэвтрүүлэлтийн багийг ахлан ажиллаж байна. Тэрээр тус газрын хэрэгжүүлж буй төслүүдэд төслийн удирдлагын олон улсын арга зүйг төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан нэвтрүүлэх, тогтолцоог бий болгох, тасралтгүй сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн байгууллагын төслийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор ажилтнуудыг сургах, хөгжүүлэх, тасралтгүй чадавхжуулахад анхаарч ажилладаг.

Түүний мэдээллийн технологи болон барилгын салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлага, мөн байгууллагын түвшний төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, нэвтрүүлэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлт нь мэргэжлийн өндөр ур чадвар, манлайллыг илтгэж байна.

Түүнчлэн олон улсын төслийн удирдлагын арга зүйг төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан нэвтрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхжуулах чиглэлд тууштай ажиллаж буй нь Монгол Улсад төслийн удирдлагын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.

Цаашид ч тэрээр төслийн удирдлагын мэргэжлийг Монгол Улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон залуу мэргэжилтнүүдэд үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна.

Оюундарьдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас мэргэжлийн замналын энэхүү амжилтад баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!