ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Лундаажамцын Лхагвасүрэнд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Л. Лхагвасүрэн нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
Тэрээр ажлын гараагаа гадаадын хөрөнгө оруулалттай худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эл Эф” ХХК-д эхлүүлж, нягтлан бодогч, импортын менежер, харилцагч хариуцсан менежер зэрэг албан тушаалд ажиллаж туршлага хуримтлуулжээ.
2018 оноос төслийн удирдлагын чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх зорилго тавин PMI Mongolia Chapter-ийн гишүүнээр элсэж, төслийн удирдлагын сургалтуудад тогтмол хамрагдан мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж ирсэн. Улмаар Геофизикийн судалгаа, инженерийн зөвлөх үйлчилгээ, барилгын зураг төсөл боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Татах Хүч” ХХК-д ажиллан мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэлээрээ үнэлэгдэн Төслийн зохицуулагч хүртэл дэвшин ажилласан.
Тэрээр ажиллах хугацаандаа төслийн удирдлагын арга зүйг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төслийн төлөвлөлт, зохицуулалт, баримт бичгийн удирдлага, захиргааны зохион байгуулалт зэрэг ажлыг хариуцаж, Азийн Хөгжлийн Банкны Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл (RIBS), Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл, Шивээхүрэн хилийн боомтын дэд бүтцийн төсөл зэрэг үндэсний ач холбогдолтой бүтээн байгуулалтын төслүүдэд амжилттай ажилласан.
Л. Лхагвасүрэн Төслийн удирдлагын чиглэлээр тасралтгүй суралцаж, олон талт оролцогчдыг уялдуулан ажиллуулах, төслийн үйл явцыг үр ашигтай зохион байгуулах туршлага хуримтлуулсаар байна
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Лундаажамцын Лхагвасүрэнд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон эх орныхоо бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах олон төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.