Пи Эм Ай Монгол Чаптэр болон Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо төслийн удирдлагын сургалтыг хамтран зохион байгуулав

Пи Эм Ай Монгол Чаптэр нь Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Төслийн удирдлагын үндэс” сэдвээр танилцуулга сургалтыг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 7 сарын 5-ны Бямба гарагт зохион байгуулсан бөгөөд амралтын өдөр байсан ч оролцогчид сурч хөгжихөд цагаа зориулсан юм.
Уг сургалтыг Пи Эм Ай Монгол Чаптэрийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант (PMP, PMI-ACP, PMI-PMOCP, DASSM) удирдан явуулсан бөгөөд төслийн удирдлагын суурь ойлголт, олон улсын шилдэг туршлагыг оролцогчдод хүргэлээ.
Цаашид Пи Эм Ай Монгол Чаптэр нь Дархан хотын төслийн мэргэжилтнүүд болон төслийн удирдлагын чиглэлээр ажиллах сонирхолтой залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, бүс нутагт хэрэгжиж буй төслүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү уулзалт, сургалтыг санаачлан зохион байгуулсан Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны удирдлага болон идэвхтэй оролцсон гишүүдэд талархал илэрхийлье.