Төслийн удирдлага бол зайлшгүй эзэмших ур чадвар

COVID-19 цар тахал 2020 оны эхээр дэлхий дахиныг нөмөрснөөр хүн төрөлхтний эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой эрсдэл нүүрлэсэн билээ. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бүтээхэд ихэвчлэн 10 хүртэл жилийн хугацаа зарцуулдаг ба хүн төрөлхтний түүхэнд хамгийн богино хугацаанд бүтээгдсэн нь 1967 оны гахайн хавдрын эсрэг вакцин байлаа. Харин COVID-19 цар тахлаас сэргийлэх тарилгыг хоёр баг маш богино хугацаанд бүтээсний нэг нь АНУ-ын “Moderna”, нөгөөх нь “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтрал байв. Хоёр баг хоёул цар тахлын эсрэг вакциныг нэг жил хүрэхгүй хугацаанд хөгжүүлж, туршин, хүн төрөлхтөнд тарьж эхэлсэн байдаг.

2019 оны арваннэгдүгээр сард анх нээлтээ хийсэн өдрөө АНУ, Канад, Нидерландын 10 гаруй сая хэрэглэгчийг өөртөө нэгтгэсэн “Disney+” стриминг үйлчилгээ цар тахлын үед цар хүрээгээ улам тэлж, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын хэд хэдэн зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлэн, өдгөө 54.5 сая хэрэглэгчтэй болоод байна. Netflix тэргүүтэй өрсөлдөгч платформуудаас хэдэн арван жилээр хойно эхэлсэн ч “Disney” компанийн энэхүү төсөл гэрлийн хурдаар ахиж байна.

“Clubhouse” нийгмийн сүлжээний платформ 2020 оны гуравдугаар сард дижитал платформд нэгдсэн даруйдаа сая сая хэрэглэгч татаж, улмаар зах зээлийн үнэлгээ нь өдгөө 4 тэрбум ам.долларт хүрээд байна. Цар тахлаас үүдсэн хөл хорионы үед хүмүүсийн ярих, хоорондоо харилцаа үүсгэх, санал бодлоо солилцох хэрэгцээнд тулгуурлан энэ төсөл амжилттай хөгжсөнийг шинжээчид онцолдог.

Өдгөө та бидний амьдралд хэдийнэ нэвтэрсэн эдгээр кэйсүүд анх мэдээж төсөл хэлбэрээр эхэлсэн байдаг. Амжилттай хэрэгжсэн эдгээр төсөл өнөөдөр хүн төрөлхтний амьдралд, дэлхийн нийгэм, эдийн засагт үлэмж хувь нэмэр оруулж байна. Төслийг амжилттай удирдах, түүний тулд ашиглах оновчтой арга барил та бидний амьдралд хэр ач холбогдолтой байгааг энд дурдсанаас гадна бидний эргэн тойронд хэрэгжиж буй олон төслүүд харуулдаг. Өдгөө дэлхий даяар хэрэгжиж буй 500 сая хүртэлх ам.долларын төслүүдийн 40-50 хувь, нэг тэрбум болон ам.доллар түүнээс дээш санхүүжилттэй төслүүдийн 60-70 хувь нь амжилтгүй болдог гэх тооцоо бий. Төслийн удирдлагын арга барилыг эзэмших, түүнийг хэрэгжүүлэх шаардлага хэр чухал болж ирснийг энэхүү статистик харуулж байна.

Төслийн удирдлагын мэдлэг, боловсролыг Монгол Улсад түгээх чиглэлээр 2014 оноос ашгийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “PMI Mongolia Chapter” байгууллагаас “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим бага хурлыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан билээ. Монгол Улсын төдийгүй дэлхийн түвшинд үнэлэгдсэн манлайлагчид энэхүү цахим хуралд оролцож төслийн удирдлагыг Монголд өргөн цар хүрээгээр нэвтрүүлэх цаг болсныг, түүний ач холбогдлыг хувийн хэвшил төдийгүй төр засгийн түвшинд дахин санууллаа.

Жил бүр уламжлан зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр энэ жил гүйцэтгэх удирдлагуудын тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь уг бага хурлын “ноён оргил” хэмээн “PMI Mongolia Chapter” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулан онцолсон. Эдийн засагч Д.Жаргалсайханы удирдан чиглүүлсэн энэхүү тусгай хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газарт Мега төсөл хариуцсан сайдаар анх томилогдон ажиллаж байсан Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Premium Group”-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд санхүү эрхэлсэн захирал Г.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

Олон улсын хэмжээнд 500 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалттай төслүүдийн 40-50 хувь нь, харин нэг тэрбум ам.доллар давсан төслүүдийн 60-70 хувь нь амжилтгүй болдог хэмээх статистикийг ноён М.Энхсайхан эш татаад, “Тэдгээр төслийн унаж байгаа шалтгааныг нь судалдаг байх хэрэгтэй. Түүнийг судалж, оновчтой шийдэл гаргахад PMI шиг байгууллагуудын үйл ажиллагаа маш чухал” хэмээн онцолж байлаа. Харин АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ноён М.Клечески өгүүлээд, Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг бэхжүүлэх төслийг онцолсон. “Зөвхөн худаг барих, хаягдал усыг цэвэршүүлэх байгууламжаар энэ төслийн нөлөө хязгаарлагдахгүй бөгөөд олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэртэй” хэмээн ач холбогдлыг нь тодорхойлсон юм.

Харин 1990-ээд оноос хойш Монголд өргөн хүрээтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов Монгол Улсад ач холбогдол бүхий зарим томоохон төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан сорилтуудын талаар яриад, “Оюу Толгой” төслийн далд уурхайн төсөл төлөвлөгөөний дагуу цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт хувийн хэвшлийг төлөөлөн төслийн удирдлагын нэгжийг компанидаа байгуулан, үйл ажиллагаандаа нэгтгэсэн туршлагаа Худалдаа, хөгжлийн банк, “Премиум Групп”-ийн гүйцэтгэх удирдлагууд хуваалцсан юм. “Монгол Улсад бүхий л түвшинд төслийн удирдлагын арга зүйг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Төслийн удирдлагыг нэвтрүүлснээр аливаа төсөл төлөвлөгөөтэй, гүйцэтгэл сайтай, улмаар өрсөлдөх чадвараа сайжруулдаг. Үүнийг улсаараа суралцах хэрэгтэй байна. Авто болон төмөр зам, эрчим хүчний төслүүд гэх мэтчилэн нэрлээд байвал маш олон төсөл улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдлаас болоод цаг хугацаа алдаж, үр ашиггүй болдог. Энэ нөхцөл байдлаасаа гарах арга зам нь төслийн удирдлага” хэмээн Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон онцолсон. Харин “Premium Group”-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд санхүү эрхэлсэн захирал Г.Бат-Эрдэнэ 3 жилийн хугацаанд 140 салбар дэлгүүр нээж, нийтийн үйлчилгээний салбарт шинэ жишгийг тогтоосон CU франчайзыг Монголд амжилттай нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаад, “Төслийн удирдлагын арга барил бол хүн бүрийн зайлшгүй эзэмших ур чадвар болсон” хэмээн тодотгосон юм.

“Ногоон сэргэлт” салбар хуралдааны илтгэгчээр оролцох үеэрээ ноён О.Орхон “Тогтвортой хөгжлийн бодлого зөвхөн төр засгийн түвшинд төдийгүй хувийн хэвшлийн хэмжээнд хүртэл хөндөгдөж буй. Дэлхий дахинд өрнөж буй хөгжлийн энэ шинэ чиг хандлагатай бид хөл нийлүүлэн алхах шаардлагатай байна. Энэ чиглэлээр бид бүс нутагтаа түрүүлж гишгэх боломж гарч байгаа учраас энэ боломжийг ашиглах ёстой. Эдийн засгаа цаашид улам сэргээе, байгаль орчинд ээлтэй байдлаар хойч үедээ үлдээе гэвэл олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Тогтвортой хөгжлийн бодлого, ногоон санхүүжилтийг үйл ажиллагаандаа бид одоо л нэвтрүүлэхгүй бол бизнес цар хүрээ хумигдах, өрсөлдөх чадвар буурах зэрэг эрсдэл тулгарна. Хувийн хэвшлийн хувьд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн ногоон элементүүдээ оруулах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэж байсан юм. Тэрбээр “Бизнесийн байгууллагууд асар их өрсөлдөөнд амьдарч байна. Технологийн боломжууд бий болж, бүх зүйл цахимжсанаар өрсөлдөөн ширүүсэж, улмаар тухайн бизнес оршин тогтнох уу, өрсөлдөх чадвартай байх уу гэдэг нь анхаарал татах асуудал болоод байна. Цар тахал хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Цаашилбал, дэлхий нийтийг хамарсан өөр ямар үйл явдал, үзэгдэл, нөхцөл байдал бизнесүүдэд эерэг болон сөргөөр нөлөөлөхийг бид урьдчилан тооцоолоход бэрх цаг үе болчихлоо. Ийм хүнд бизнесийн орчинд хамгийн амжилттай, өрсөлдөх чадвартай байгаа компани нь төслийн удирдлагын арга барилыг нэвтрүүлсэн байдаг. Ер нь цаашид бизнесүүд төслийн менежментгүйгээр хол явах хэцүү болох болов уу” хэмээсэн нь энэхүү цахим бага хурал болон “PMI Mongolia Chapter” байгууллагын үйл ажиллагааны ач холбогдлыг товчхон томьёолсон хэрэг байлаа.

“Ногоон сэргэлт”, “Ажайл арга зүй”, “Тогтвортой хөгжил” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдааны илтгэгчдийн онцлох байр суурийг сонирхоно уу.

САЛБАР ХУРАЛДААН 1: НОГООН СЭРГЭЛТ

С.Оюун
Гадаад харилцаа хариуцсан захирал
Уур амьсгалын ногоон сан

Дэлхий дахины бизнесийн цаашдын чиг хандлага нь хүссэн, хүсээгүй ногоон руу асар хурдацтайгаар шилжиж байна. Олон улсын түвшинд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт маш их нэмэгдэж байна. АНУ, Европын Холбоо төдийгүй хөрш Хятад улс ч гэсэн оруулаад эхэллээ. Есдүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаад дахь нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхгүй гэх амлалт өглөө. Удахгүй дотооддоо ч мөн адил ийм амлалт авах болов уу гэж шинжээчид харж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж, сөргөөр нөлөөлж байгаа салбарууд дунд эрчим хүч, үйлдвэрлэл, тээвэр зэрэг салбар тэргүүлдэг. Эдгээр салбарт инновац эрчимтэй нэвтрэхээр байна. Сүүлийн жилүүдэд нүүрс буюу хүрэн эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт буурч, үүнтэй зэрэгцэн сэргээгдэх эрчим хүчнийх өсөж, өртөг нь ч тэр хэрээр буурч байгаа. Өдгөө ногоон эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь хүрэн гэгддэг эрчим хүчний үйлдвэрлэлтэй өрсөлдөх хэмжээнд очиж буй. Ингэж эрчим хүчний салбарт л гэхэд сэргээгдэх рүү орсонтой адил ногоон технологийн хөрөнгө оруулалт бүхий л салбарт маш хурдацтай явахаар байна.

Дэлхий дахины энэ хандлагыг алдахгүйгээр манай улс ч гэсэн эртхэн ийшээ орвол асар их боломж бий болохоор байна. Санхүүжилт нь хүү багатай, буцалтгүй тусламжийн нөхцөлтэйгөөр ч олдох бололцоо бий. Бид Чингис хаан бонд гэж босгож байсан. Одоо Монгол Улс ногоон бонд босгох ёстой. Илүү хүү багатайгаар, хөрөнгө оруулалтын илүү олон эх үүсвэрээс санхүүжилт босгох боломж байна.

О.Орхон
Гүйцэтгэх захирал
Худалдаа, хөгжлийн банк

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас эдийн засагт ноцтой хямрал үүсээд байгааг бид бодитоор мэдрэхийн зэрэгцээ тоо баримтуудаас тодорхой харж болохоор байна. Худалдан авалтын менежерүүдийн индексийг харвал 2020 оны эхний хагас жилийн турш энэ индекс дэлхийн хэмжээнд уналттай байсан дүр зураг ажиглагдаж байна. 2020 онд цар тахлын улмаас дэлхий даяар нийт 144 сая ажлын байрыг алдсан байна. Өдгөө энэ хүндрэлээс гарахын тулд дэлхийн улс орнууд асар их хэмжээний хөрөнгө оруулалт, бодлогын өөрчлөлт хийж байна. Эдийн засагтаа оруулсан нийт багцын хэмжээг нь авч үзвэл АНУ 5.8 их наяд ам.доллар зарцуулснаар тэргүүлж, харин Япон, Герман, Европын холбоо удаалж буй. Тэгвэл эдгээр санхүүжилт, хөрөнгө оруулалт нь хэр зэрэг ногоон юм бэ? Энэ тал дээр Дани, Европын Комиссын гишүүн орнууд, Канад, Их Британи зэрэг улс тэргүүлж байна. Нэгэнт үүссэн хүндрэлээс гарахдаа зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, хийж хэрэгжүүлж байгаа төслүүдийг илүү тогтвортой хөгжил, илүү ногоон сэргэлтэд хандуулах нь улс орнуудын гол асуудал болоод байна. Тухайлбал, цэвэр эрчим хүч, байгалийн капитал, ногоон барилга, тээвэр, харилцаа холбоо, мөн судалгаа, хөгжүүлэлтэд өндөр ач холбогдол өгч ажиллавал, эдийн засгийн сэргэлт нь ногоон сэргэлт болж чадна гэж дэлхий дахинд харж байна.

Павит Раманчандран
Монгол дахь Суурин төлөөлөгч
Азийн хөгжлийн банк

Сэргээгдэх эрчим хүч болон үр ашигтай эрчим хүчний төслүүдэд зарцуулж буй төсвийн хөрөнгө оруулалтууд нь хүрэн эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтуудаас илүү олон ажлын байр бий болгодог нь судалгаагаар харагддаг. Ногоон санхүүжилт, мөн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээл нь маш чухал, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа бондын зах зээл энэ төрлийн санхүүжилтийн голлох эх үүсвэр болоод байна.

Н.Мөнхнасан
ТУЗ-ийн дарга
Монполимет Групп

Уул уурхайн салбарт тулгуурласан Монгол Улсад мэргэжлийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр “Монполимет” групп сүүлийн 30 жил тууштай ажиллаж байгаа. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, энэ үйлдвэрлэлээрээ ногоон хөгжлийн түүчээ болох нь бидний үйл ажиллагааны гол зорилго байдаг. “Монполимет” Монголд мэргэжлийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг бүс нутгийн цаг агаар, экологийн нарийн судалгаанд үндэслэн хийх, улмаар уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулж, байгалийн унаган төрхийг нь эргүүлэн бий болгохоор олон улсын болон Монгол Улсын бүхий л стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажилладаг. Томоохон бизнес эрхлэгчид салбарынхаа онцлогт нийцүүлэн ногоон технологийг нэвтрүүлэхэд анхаарах цаг болоод байна.

САЛБАР ХУРАЛДААН 2: АЖАЙЛ АРГА ЗҮЙ

Скотт Амблер
Disciplined Agile арга зүйг хамтран бүтээгч
Project Management Institute

Төслийн удирдлагын ажайл стратегийг АНУ-ын Засгийн газар өнгөрсөн хугацаанд зарим түвшинд ашигласан. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн Ажлын албаны дэргэдэх технологийн нэгж болох “United States Digital Service” өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 166 төслийг ажайл арга зүйг ашиглан амжилттай хэрэгжүүлсэн. Түүнээс гадна Дэлхийн банкны Африк дахь баг ажайл арга зүйг ашигласнаар 27000 цагийн хөдөлмөр хэмнэсэн бол АНУ-ын агаарын хүчний программ хангамж хөгжүүлэлтийн нэгж болох “Kessel Run” төслийн удирдлагын ажайл арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр сар тутамд 13 сая ам.доллар болон 1100 хүн цаг хэмнэдэг.

Тацуяа Хамада
ТУЗ-ийн дарга бөгө
өд гүйцэтгэх захирал

Мобиком Корпораци

Өнгөрсөн жил COVID-19 цар тахлаас болж дэлхий даяар хөл хорио тогтоож, бизнесүүдэд ч, хувь хүмүүст ч хүндхэн цаг тохиолоо. Гэсэн хэдий ч, хүмүүс тодорхой бус байдалтай шинэ орчинд дасан зохицож амьдарч эхэллээ. Яг ийм цагт удирдагчдын гүйцэтгэх үүрэг асар их. Өнгөрсөнд болон одоо цагт өндөр бүтээмжтэй ажиллаж буй, туршлагатай, мэдлэгтэй, чадварлаг атлаа уламжлалт арга барилтай удирдагчид ирээдүйд, мөн шинэ орчинд оновчтой шийдвэр гаргаж чадахгүй хуучирсан арга барилтай зууралдах нь элбэг. Харин залуухан буюу суралцагч удирдагчид тодорхойгүй нөхцөлд ч дасан зохицож, баг хамт олонтойгоо зөвлөлдөн, өөрчлөлт болон инновацад уян хатан ажиллах чадвартай байдаг. Шинэ цагийн удирдагч болъё гэвэл одоо байгаа манлайлах чадвараа хөгжүүлж, цаг хугацаа, орчин болон тохиолдолд илүү мэдрэг байхаас гадна EQ-ээ хөгжүүлэх шаардлагатай. Аливаа асуудлыг гаднаас нь дүгнэхээс гадна мөн чанарыг нь ойлгодог байх нь айсуй цагийн удирдагчийн чадвар.

Алекс Син
Хонконгийн салбарын дэд ерөнхийлөгч
Project Management Institute

Төслийн менежмент гэдэг нь аливаа төслийг оновчтой, үр бүтээмжтэй хэрэгжүүлэхдээ өөрийн мэдлэг, чадвараа хэрхэн ашиглах техник билээ. Компани аль болох удаан оршин тогтноход шаардлагатай хичээлүүдийн нэг бол “12 зарчим” юм. Эдгээр нь үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжтай байлгах, өөрчлөлтийг хүлээн авах, ажлаа цагт нь хүлээлгэн өгөх, өдөр бүр хамтран ажиллах, дэмжлэг болон итгэлээр багуудыг холбох, нүүр нүүрээ харсан яриаг дэмжих, программ хангамжийн оновчтой бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх, тогтвортой хөгжлийн алхмуудыг сурталчлах, техникийн өндөр хэрэглээтэй байхыг уриалах, энгийн байдлаар бүтээмжийг дээд түвшинд хүргэх, бие даасан зохион байгуулалттай багууд үүсгэх, үе үе зам мөрөө эргэн харж, залруулга хийж байх зэрэг багтана.

Ц.Мэндбаяр
Үүсгэн байгуулагч
Intelmind
(www.shoppy.mn)

Өнгөрсөн 4 жил гаруйн хугацаанд бид технологи суурьтай төсөл, компаниудыг хөгжүүлж, зах зээлд шинэлэг, дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлж 1.5 сая гаруй харилцагчтай болон үйл ажиллагаагаа тэлэхдээ ажайл арга барилаар ажилласан. Хэрвээ бид энэ арга зүйгээр ажиллагаагүй бол өнөөдрийн түвшинд хүрч чадахааргүй байсан.

Ихэнх компанид бизнесээ амжилттай томруулах, хөгжүүлэхэд нь маш олон асуудал тулгардаг. Гэхдээ бүх салбар асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед компаниуд яг юу зарах вэ, ирээдүйд яг юу болох гээд байна вэ гэдгийг хэлж чадахаа больсон байна. Мөн маш олон бизнес бүтэлгүйтдэг. Аль ч цаг үед байдаг энэ асуудал сүүлийн жилүүдэд бүр эрчимтэй өрнөлөө. Үүний гол шалтгаан нь бизнес эрхэлж байгаа хүмүүс бизнесийнхээ боол болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, бүх амьдрал, цаг хугацаагаа бизнестээ зарцуулж буйгаасаа болоод стратеги, алсын хараа, гол хүрэх ёстой зорилгоо тодорхойлж чадахгүй байх зэргээр буруу шийдвэрүүдийг гаргаж бүтэлгүйтэлд хүрэх нь бий. Компаниудын хамгийн том алдаа нь хэрэглэгчээ түрүүнд тавихын оронд өөр зүйлсэд анхаарлаа хандуулдаг. Дээр нь инновац гэдэг зүйлийг хэт хүндрүүлж боддог.

Дэлхий дээр амжилттай ажиллаж байгаа компаниудын гол баримталж байгаа бодлого нь хэрэглэгч төвтэй байна. Тийм ч учраас компаниуд өөрсдөө ажайл компани болохоос өөр аргагүй байна. Компани хүмүүс, соёл, удирдлага, стратеги гээд бүхэлдээ л ажайл болохгүй бол ямар нэгэн хэлтэс, захирал нь болоод ямар ч үр дүнгүй байдаг. Ажайл арга зүй нь компанийн бүтцийн уламжлалт ойлголтоос өөр бөгөөд багийн зарчмаар ажилладаг. Ингэж байж л багийг бүрдүүлж байгаа хүн бүр компанийн эд эрхтэн болж ажиллаж боломж бүрддэг. Залуус том компани гэхээс илүү стартапуудад ажиллахыг илүүд үзэж байна. Учир нь тэнд ажайл арга зүй жинхэнэ утгаараа хэрэгжиж, маш богино хугацаанд их юм сурч, хөгжиж, дэвших боломжтой байдаг.

САЛБАР ХУРАЛДААН 3: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Норихико Като
Голомт банкны гүйцэтгэх захирал
Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны ТУЗ-ийн дарга

2013 оноос хойш Монголын банкны холбоо Монголын тогтвортой санхүүгийн зарчмуудыг боловсруулж эхэлсэн бөгөөд 2015 онд бүх банк Монголын банкнуудын тогтвортой хөгжлийн санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан. Энэ үеэс эхлэн банкууд хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалыг эрсдэлийн менежментдээ тусгах болсон. 2017 онд Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй 15 банкийг нэгтгэсэн Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо байгуулагдсан юм. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, хэмнэлттэй “ногоон” хөрөнгө оруулалтуудыг гишүүн банкуудаараа дамжуулан хийх Монголын Ногоон Санхүүгийн Корпораци байгуулах төслийг боловсруулсан. Голомт банкны хувьд 2020 онд хог хаягдлын менежментийн систем нэвтрүүлж, цаас, хуванцар, шил, хөнгөнцагааныг бүрэн ангилан, ахин боловсруулах үйлдвэрт тушаадаг болсон бөгөөд усны хэрэглээгээ 10 хувиар бууруулсан ба оффисууддаа нарны хавтан ашиглах болсон байна. Мөн тогтвортой хөгжил, ногоон санхүүгийн нийт 72 цагийн сургалтад манай нийт ажилтнуудын 80% нь хамрагдсан байна.

Ц.Энх-Амгалан
Төслийн менежер
Швейцарийн хөгжлийн агентлаг

Анх 17 жилийн өмнө хүмүүнлэгийн төслөөр эхлээд урт хугацаанд хэрэгжиж, улмаар Монгол орны нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг сайжруулсан “Ногоон алт” төслийнхөө талаар онцолмоор байна. Анх төсөл хэрэгжиж эхлэх үед Монгол орны бэлчээрийн доройтол, цөлжилтийн талаар маш зөрүүтэй ойлголттой байсан. Улмаар судалгаа хийж, 2004 оны байдлаар Монгол орны бэлчээрийн 57 хувь нь доройтож талхлагдсан ч гэсэн түүний 90 орчим хувь нь байгалийнхаа аясаар нөхөн сэргээгдэх боломжтой гэдгийг судалгааны дүнгээр харагдсан. “Ногоон алт” төслийн хүрээнд бид бэлчээрийг сэлгэж, амрааж чадсанаараа 20 сая га газрыг цөлжилтийн эрсдэлээс хамгаалсан. Монгол орны хэмжээнд одоогийн байдлаар 29 сая га газрын бэлчээрт цөлжилт үүсэх эрсдэлтэй байна.

Б.Даваа-Очир
Гүйцэтгэх захирал
MCS Property

MCS Property компанийн хувьд сүүлийн жилүүдэд PMBOK 6 төслийн удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн. Мөн энэ оны наймдугаар сараас PMBOK 7 тогтолцоог нэвтрүүлээд байна. Үндсэндээ бид шат шатандаа хэрэгжүүлж байгаа олон улсын стандартууд, дэлхийн томоохон компаниудын төслийн менежментийн туршлагыг Монголын зах зээлд нутагшуулж, үүнийгээ дижитал технологид хөрвүүлэн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн ажиллаж байна. Ингэснээр дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхээс гадна олон улсын зах зээлд томоохон төслүүд хэрэгжүүлэх боломжуудыг нээж өгөх давуу талтай.

Энэ нь чиглэл, зааварчилгаанаас бүх хүний оролцоо, сэтгэл ханамж руу шилжсэн байна. Группийн хэмжээнд манай үнэт зүйл бол чадвар, багийн сэтгэлгээ, бүтээлч байдал, тогтвортой хөгжил, манлайлал зэрэг зүйлсээр тодорхойлогддог. Яг үүнтэй холбогдож PMBOK 7-ын үндсэн үзэл санаа гарсан байсан. Өөрөөр хэлбэл, бидний үнэт зүйлтэй нийцэж байгаа учраас цаашид энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд ойр санагдаж байгаа юм. Энд тухайн төсөлд оролцож байгаа хүмүүсээ бүгдийг нь оролцуулах чадвар хамгийн чухал. Учир нь ямар ч том, жижиг төсөл байсан зөвхөн ганц хүн өөрийн чадвараараа хэрэгжүүлнэ гэдэг бүтэлгүйтэх гол шалтгаан болдог. Нөгөө талаас төсөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс тухайн төслийг гүйцэтгэнэ гэдэг өөрөө тухайн багаас олон төрлийн чадварыг шаарддаг. Энэ утгаараа нэг стандартаар компани бүх хэсгээ удирдана гэдэг ойлголт одоо цагт байх боломжгүй гэдгийг баталж байгаа юм. Тиймээс хөрвөх чадвартай төслийн удирдагч чухал болсон байна. Цаашид бид төслийн удирдлагаар стандарт удирдлага гэхээс илүү чадварлаг менежерүүдийг бэлтгэх нь зөв гэж харж байна. PMBOK 7 төслийн удирдлагыг хэрэгжүүлснээр олон төрлийн багтай ажиллах суурь нь манай компанид бий болсон байна. Эхний ээлжид бид стандарт үйлдвэрлэлүүдээ дижитал хувилбар руу шилжүүлэх ёстой. Үүний дараа ур чадвартай хүмүүс, багаа бүтэн төслийн үйл ажиллагааг хурдан амжилттай гүйцэтгэхэд шаардагдах боловсролоор хангах ёстой гэсэн гол зорилгын дагуу ажиллаж байна.

Г.Бат-Эрдэнэ
Дэд ерөнхийлөгч
Premium Group

PMO буюу төслийн удирдлагын нэгжийг амжилттай хэрэгжүүлсэн компаниудын дунд манай байгууллага харьцангуй шинэд тооцогдоно. Төслийн удирдлага гэдэг зүйлийг бид аливаа ажлыг ямар нэгэн зүйл орхигдуулалгүйгээр 100 хувийн гүйцэтгэлтэй хийхийн тулд хийх дараалал, арга зүй болон хэрэглэгдэх зүйлсийг гаргаж өгсөн гарын авлага гэж харж байгаа. Уламжлалт төслийн удирдлага нь бидний хэлдгээр тухайн нэг төслийг хэрэгжүүлэх зорилготой, төслийн үр дүнд илүү чиглэсэн, төслийн менежерийн ажлын байр нь тухайн төслийн хэрэгжих хугацаатай уялдаатай байсан. Харин орчин үеийн төслийн удирдлагын чиг хандлага нь хэд хэдэн төслийг зэрэг хэрэгжүүлэх боломжтой, хамгийн чухал нь тухайн бизнесийн үнэт зүйл болон зорилготой нийцсэн, тусдаа оффистой байдаг. Харин төслийн менежерийн ажлын байр нь урт хугацааны бөгөөд өрсөлдөх чадвар өндөр болсон байдаг. Тэгэхээр бидний хэрэгжүүлж байгаа enterprise PMO төслийн менежментийн түвшинд PMO оффис нь компанийн стратегийг гаргадаг гүйцэтгэх удирдлагуудтай байнгын уялдаатай ажиллавал үр дүн сайн байдаг. Өөрөөр хэлбэл, PMO төслийн зорилго нь байгууллагын стратегитайгаа нийцэж байвал амжилтын магадлал нь илүү өндөр байдаг. Тэгэхээр тухайн компани тухайн төслийг удирдах гэж төслийн удирдлагын нэгжийг байгуулж байгаа юм уу, эсвэл бизнесээ удирдахаар хэрэгжүүлж байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Дэлхийн томоохон компаниудын туршлагаас харахад төслийн удирдлагын оффисоор бизнесээ удирдаж байгаа нь илүү амжилттай байна. Энэ ч утгаараа манай групп PMO оффисоо байгуулах бэлтгэлээ хангаж эхлээд байна. Үүний өмнө компани топ менежментээсээ эхлээд менежерийн түвшинд хүртэл өөрчлөлтийг хийх сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Мөн байгууллагынхаа стратегийг маш тодорхой гаргасан, найдвартай, тогтмол шинэчлэгддэг мэдээллийн нэгдсэн санг бий болгосон байх хэрэгтэй.

Comments

mood_bad
  • No comments yet.
  • Add a comment