ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Мөнх-Оршихын Баянжаргалд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
М. Баянжаргал нь инженерчлэл, төрийн байгууллагын засаглал болон уул уурхайн томоохон төслүүдийн чиглэлээр ажилласан туршлагатай төслийн удирдлагын мэргэжилтэн юм.
Тэрээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг инженерийн технологи болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, техникийн болон удирдлагын мэдлэгийг хослуулсан мэргэжлийн суурийг бүрдүүлсэн.
Ажлын гараагаа технологич инженерээр Говь ХК-д эхлүүлж, Монгол Улсад анх удаа 100 хувь ноолууран эрэгтэй хослолын үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх ажилд чанар, технологийг хариуцан ажилласан туршлагатай.
Бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлд Монгол Улсын Засгийн газрын Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Ажлын албанд “Бизнес ба Хүний эрх” үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтийг дэмжихийн зэрэгцээ 21 аймаг, нийслэлийг хамарсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлагнал, үнэлгээ” хийх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, олон байгууллага, оролцогч талуудын хамтын ажиллагааг уялдуулан ажилласан.
Одоо тэрээр Орем Трейд ХХК-ийн Төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Орем Групп нь Монголын уул уурхай, эрдэс баяжуулалтын салбарт инженерийн болон үйлдвэрийн шийдэл нийлүүлдэг бөгөөд Metso, Flowserve зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн албан ёсны төлөөлөгч юм.
Тэрээр уул уурхайн төслүүдэд ашиглагдах хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн олон улсын худалдан авалт, логистик, гаалийн бүрдүүлэлт, талбай дахь хүргэлт, угсралт, суурилуулалт болон олон оролцогч талтай төслүүдийн уялдаа холбоог төслийн хэрэгжилтийн туршид зохицуулан ажилладаг. Түүний ажил мэргэжлийн замнал нь инженерийн мэдлэг, бизнесийн ойлголт болон төслийн удирдлагын арга барилыг нэгтгэсэн бөгөөд техникийн нарийн төвөгтэй, олон талын оролцоотой төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэдэг.
PMI Mongolia Chapter-аас М. Баянжаргалд энэхүү амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон инженерчлэл, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх төсөл, санаачилга бүр нь өндөр амжилттай байж, байгууллага, салбар болон нийгэмд урт хугацааны үнэ цэн бүтээхийг хүсэн ерөөе.