ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Т.Булгансувдад дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Т. Булгансувд нь ОХУ-ын Эрхүүгийн Улсын Техникийн Их Сургууль (НИ ИрГТУ)-ийг Нийгмийн ухааны чиглэлээр бакалавр, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль-ийг Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр Хүний нөөцийн менежментийн магистрын зэрэгтэй төгссөн.

Тэрээр хүний нөөцийн удирдлагын чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, боловсролын салбарт ажиллах хугацаандаа хүний нөөцийн бодлого, гүйцэтгэлийн удирдлага, цалин урамшууллын тогтолцоо, ажиллах хүчний төлөвлөлт, байгууллагын соёлыг хөгжүүлэх зэрэг стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

ТЭСО ХХК болон Витафит Инвест ХХК-д ажиллах хугацаандаа үйлдвэрийн ажилтнуудын бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын соёл, гүйцэтгэлийн удирдлага, сургалт хөгжлийн тогтолцоог сайжруулах төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн нь байгууллагын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Т. Булгансувд одоо Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд Хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж, байгууллагын стратегийг дэмжсэн хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд “Багш, ажилтны хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2023–2027)”-ийг боловсруулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, Balanced Scorecard (BSC)-д суурилсан гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, мөн их сургуулийн Infosys системд гүйцэтгэлийн үнэлгээний модулийг нэвтрүүлэх ажлыг амжилттай удирдан хэрэгжүүлжээ.

PMP® зэрэг хүртсэнээр Булгансувд төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, аргачлалыг байгууллагын хүний нөөцийн хөгжил, өөрчлөлтийн удирдлага болон стратегийн санаачилгуудад илүү үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа улам бататгаж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Т.Булгансувдад энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын мэргэжлийн хөгжил, манлайлал болон байгууллагын хөгжлийг дэмжсэн олон шинэлэг төсөл, санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.