ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн нэрийн өмнөөс манай эрхэм гишүүн Цэдэндамбын Ганчимэгт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ц. Ганчимэг нь Дархан-Уул аймагт олон улсын болон үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай удирдан хэрэгжүүлж ирсэн, орон нутгийн хөгжил, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг туршлагатай төслийн менежер юм.

Тэрээр мэргэжлийн замналынхаа туршид олон чухал төсөл, санаачилгыг удирдан ажиллаж ирсэн бөгөөд одоогоор Монгол Улсын Засгийн газар болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны санхүүжилттэй Дархан Шинэ Эмнэлэг төсөл-ийн зохицуулагчаар ажиллаж байна. Мөн ДарханУул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүнээр ажиллан эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн Европын Холбооны санхүүжилттэй Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхжуулах: ДарханУул аймагт эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь төслийн захирлаар ажиллаж, орон нутгийн иргэд, байгууллагуудад чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай.

Тэрээр өмнө нь Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт Нөөц хөгжүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд GTZ, People in Need (PIN), MAXapps International Canada зэрэг олон улсын байгууллагуудад төслийн менежер, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн.

Ц. Ганчимэг нь Австралийн La Trobe University-д Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Монгол Улсын Их Сургуульд Англи, Америк судлал, АНУ-ын Santa Monica College-д ESL болон Эдийн засгийн чиглэлээр суралцсан олон улсын боловсролын туршлагатай.

Мэргэжлийн ажил хөдөлмөрөөс гадна тэрээр нийгмийн хөгжил, манлайллын чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд JCI Монгол байгууллагын Дархан салбарын 2018 оны Ерөнхийлөгчөөр ажилласан, мөн Toastmasters Darkhan Chapter-ийг үүсгэн байгуулан олон нийтийн манлайлал, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

PMP® зэрэг хүртсэнээр Ц.Ганчимэг нь төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, арга зүйг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа улам бататгаж, нийгэм, орон нутгийн хөгжилд чиглэсэн үнэ цэнтэй төслүүдийг илүү үр дүнтэй удирдах чадавхаа өргөжүүлж байна.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Цэдэндамбын Ганчимэгт энэхүү бахархам амжилтад нь халуун баяр хүргэж, өөрийн манлайлал, мэргэжлийн ур чадвар болон амжилттай хэрэгжүүлж буй төслүүдээрээ дамжуулан бусдад урам зориг өгч, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах үйлсэд нь цаашдын өндөр амжилтыг хүсэн ерөөе.