ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн нэрийн өмнөөс эрхэм гишүүн Баттулгын Энхзаяад дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Энэхүү нэр хүндтэй олон улсын зэрэг нь Б. Энхзаяагийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл, төслийн удирдлагын чиглэлээр өөрийгөө улам бүр мэргэшүүлэх хүсэл тэмүүлэл, олон улсын шилдэг туршлагыг ажилдаа хэрэгжүүлэх тууштай хандлагыг илэрхийлж байна.
Б. Энхзаяа Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотын Технологийн Их Сургууль (Cracow University of Technology)-ийг Архитектор мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд өдгөө Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд Санхүүгийн менежментийн магистрантаар суралцаж байна.
Тэрээр ажлын гараагаа “Анаграм” ХХК-д архитектороор эхлүүлж, концепц зураг, ажлын зураг төслийн боловсруулалт болон барилгын төслийн хэрэгжилтийн шатанд ажиллаж практик туршлага хуримтлуулсан.
Улмаар төслийн менежментийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж “MGL E&C” LLC-д барилгын зураг төслийн баримт бичгийн боловсруулалт, төслийн менежмент болон компанийн үйл ажиллагааны зохион байгуулалтын чиглэлээр Төслийн менежер албан тушаалд гурван жил гаруй ажилласан.
Одоогоор Б. Энхзаяа нь “Тэсо Пропертис Групп”-ын Бизнес хөгжлийн газарт Төсөл хөгжүүлэлтийн менежер-ээр ажиллаж байна. Тэрээр ирээдүйд хэрэгжүүлэх барилгын төслийг анхнаас нь буюу зах зээлийн судалгаа, концепц боловсруулах шатнаас эхлэн төлөвлөлт, хөгжүүлэлт, хэрэгжилт хүртэлх төслийн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
PMP® зэрэг хүртсэнээр Энхзаяа төслийн удирдлагын олон улсын шилдэг мэдлэг, арга барилыг илүү системтэйгээр хэрэгжүүлэх чадавхаа бэхжүүлж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт болон бүтээн байгуулалтын төслүүдийг илүү үр өгөөжтэй удирдах боломжоо улам өргөжүүлж байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Баттулгын Энхзаяад энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, мэргэжлийн ур чадвараа улам ахиулан, салбартаа үнэ цэн бүтээсэн олон амжилттай төсөл хэрэгжүүлж, манлайлагч мэргэжилтэн болон өсөн хөгжихийг хүсэн ерөөе.