ШИНЭХЭН PMP® Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Мөнхсайханы Гэрсэнзэд Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсанд халуун баяр хүргэе.

М. Гэрсэнз нь 2022 онд Тайвань Улсын National Cheng Kung University-ийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгсөөд эх орондоо эргэн ирж Монгол Улсын дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдэд идэвхтэй ажиллаж, инженерчлэл болон төслийн удирдлагын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа улсынхаа хөгжилд зориулан хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлэлтэйгээр ажиллаж эхэлсэн.

Түүний оролцсон анхны томоохон төсөл нь Тавантолгойн нүүрсний ордын орчимд хэрэгжсэн нүүрс баяжуулах үйлдвэр бүхий Монгол Улсын хамгийн урт туузан дамжуургын системийн төсөл байв. Тэрээр ерөнхий гүйцэтгэгч болох Xinjiang Coal Research and Design Institute Co., Ltd компанид ажиллаж, эхлээд Цахилгааны инженерээр, улмаар Баримт бичгийн инженер болон Талбайн зохицуулагчийн чиг үүргийг давхар гүйцэтгэн олон туслан гүйцэтгэгчийн ажлын уялдаа холбоог хангах, инженерийн баримт бичгийн удирдлага хэрэгжүүлэх, техникийн шаардлагын нийцлийг хянах зэрэг чухал үүргийг амжилттай хэрэгжүүлжээ.

Тэрээр  дараа нь MCS-Эрдэнэ Монгол ХХК-тай хамтран ажилладаг ханган нийлүүлэгч байгууллагад менежерээр ажиллаж, худалдан авалт, ложистик, нийлүүлэгчдийн харилцаа, гэрээний хэрэгжилтийн хяналтыг хариуцан ажилласан. Цахилгаан тоног төхөөрөмж, хэмжүүрийн багаж хэрэгсэл, трансформатор болон бусад шаардлагатай материалын нийлүүлэлтийг цаг хугацаанд нь зохион байгуулснаар төслийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулсан байна.

М. Гэрсэнз одоо Францын POMA компанийн хэрэгжүүлж буй Монгол Улсын анхны дүүжин тээврийн төсөл дээр Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захиалагчийн талын Цахилгааны инженерээр ажиллаж байна. Энэ хүрээнд техникийн зураг төслийн хяналт, олон улсын инженерийн багуудын уялдаа холбоо, барилгын ажлын чанарын хяналт, цахилгааны ажлын аюулгүй ажиллагаа болон стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд төслийн менежерүүдтэй хамтран төслийн явц, баримт бичгийн удирдлага, оролцогч талуудын харилцааг зохицуулан ажиллаж байна.

PMP® сертификат гардан авснаар М. Гэрсэнз төслийн удирдлагын олон улсын шилдэг аргачлал, мэдлэгийг улам гүнзгий эзэмшиж, томоохон дэд бүтэц, инженерийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чадавхаа шинэ шатанд гаргаж байгааг илтгэж байна.

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн зүгээс  Гэрсэнзэдээ PMP сертификатаа авсанд дахин баяр хүргэж, цаашдын  амьдралд нь аз жаргал, ажил хөдөлмөр, ажил мэргэжлийн хөгжил болон ирээдүйн кареер, бүх төсөл, санал санаачилгад нь өндөр амжилт хүсье.