ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Баасанжавын Түвшинсанаа Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад баяртай байна.

Баасанжавын Түвшинсанаа нь Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, мөн Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр магистрын (MSc) зэрэгтэйгээр төгссөн. Тэрээр мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, 2023 онд Барилга байгууламжийн автоматжуулалтын системийн мэргэшсэн инженер, 2024 онд Олон улсын санхүүгийн корпорациас олгодог ногоон барилгын үнэлгээний EDGE Эксперт зэрэглэлийг тус тус амжилттай хамгаалсан. Үүний үргэлжлэл болгон 2025 оны 7-р сард Төслийн Менежментийн Институт (PMI)-ээс олгодог Construction Professional (PMI-CP®) сертификатыг, мөн 2025 оны 12-р сарын 31-нд Project Management Professional (PMP®) олон улсын сертификатыг амжилттай хүртсэн.

Түвшинсанаа нь ажлын гараагаа 2018 онд “Витафит Инвест” ХХК-д цахилгаан, автоматжуулалтын инженерээр эхэлж, 2020 оноос 2024 оны 1-р сар хүртэл “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн инженерээр ажилласан. 2024 оны 1-р сараас хойш “Оюу Толгой” ХХК-д төслийн инженерээр ажиллаж байна.

Тэрээр дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах явцдаа олон төрлийн сорилт, бэрхшээлтэй тулгарч, тэдгээрийг амжилттай даван туулах бодит туршлага хуримтлуулсан. Энэ нь түүнд барилга, дэд бүтэц болон уул уурхайн төслүүдэд нийцсэн төслийн менежментийн олон улсын стандарт, арга барил, шилдэг туршлагыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх урам зориг өгсөн юм.

Түвшинсанаагийн PMI-ийн мэргэжлийн сертификатуудыг тууштайгаар, шат дараатайгаар эзэмшиж буй энэхүү замнал нь түүний мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг, тасралтгүй суралцаж хөгжих эрмэлзэлтэй, олон улсын түвшинд өрсөлдөхүйц төслийн удирдагч болох зорилгоо тууштай хэрэгжүүлж буйн тод илрэл юм. Түүний энэхүү хичээл зүтгэл, сахилга бат, зорилгодоо үнэнч байдал нь Монголын залуу инженер, төслийн удирдагч нарт үлгэр дуурайл болж байна.

Түвшинсанаадаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!