ШИНЭХЭН (PMI-PMOCP)™-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Сүхээгийн Наранхүү Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс (PMI-PMOCP)™ буюу Төслийн удирдлагын нэгжийн мэргэшсэн зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

PMI-PMOCP сертификат нь түүний Төслийн удирдлагын нэгжийг (PMO) удирдан чиглүүлэх, төлөвшүүлэх мэдлэг, туршлагыг баталгаажуулж, байгууллагад стратегийн үнэ цэнийг авчрах ур чадварыг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн тэрээр аливаа байгууллагын онцлог хэрэгцээ шаардлага, сорилтууд болон соёлыг ойлгож, хамгийн оновчтой PMO бүтэц бүрдүүлэх мэдлэг туршлагатайг илэрхийлж байна.

Сүхээгийн Наранхүү нь ОУЭЗБИС болон СЭЗИС-ийг тус тус төгссөн бөгөөд Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэй. 2007 оноос хойш Банк, санхүүгийн салбарт нийт 18 жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд Монгол Шуудан банк, Хадгаламж банк, Төрийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, бүс хариуцсан мэргэжилтнээр ажилласан.

2023 оноос Төрийн банкны төслийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч нэгж болох Бизнесийн хамтын ажиллагааны албанд менежерээр ажиллаж, байгууллагын value-driven PMO-г төлөвшүүлэх, төслийн удирдлагын үйл ажиллагааг хэрэглэгч төвтэй (customer centricity) зарчимд нийцүүлэн шинэчлэхийн зэрэгцээ төслийн удирдлагын бодлого, арга зүй, процесс, багуудын уялдаа холбоо болон үнэ цэн хүргэлтийг сайжруулах, төслийн удирдлагын нэгжийн засаглал ба үйл ажиллагааны чадамжийг шат дараатайгаар хөгжүүлэхэд төвлөрөн ажиллаж байна.

Тэрээр цаашид байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийг стратегийн зорилготой уялдуулах, оролцогч талуудын нэгдсэн ойлголт болон тэдний хэрэгцээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, PMO-н үнэ цэнийг тодорхой, хэмжигдэхүйц байдлаар бий болгох чиглэлүүдэд онцгойлон анхаарч ажиллахаар зорьж байна.

С. Наранхүү нь өөрийн ажил мэргэжлийн замналын туршид мэргэжлийн өсөлт хөгжилд тууштай хандаж ирсэн билээ. Энэхүү (PMI-PMOCP)™ сертификатыг авсан амжилт нь зөвхөн түүний мэдлэг чадварыг бус, байгууллага болон төслийн удирдлагын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, олон нийтийн дунд утга учиртай бодит өөрчлөлтийг авчрахын төлөөх тууштай хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг илтгэн харуулж байна.

Наранхүүдээ Пи Эм Ай Монголиа Чаптэраас ажил мэргэжлийн замналын энэхүү амжилтад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!