ШИНЭХЭН PMI-CP™-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Ширэндэвийн Ариунжаргал Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог PMI Construction Professional (PMI-CP™) буюу Барилгын төслийн мэргэшсэн зэргийн гэрчилгээгээ амжилттай хүлээн авсаныг дуулгахад таатай байна.

Тэрээр МУИС-ийн ГХСС-ийг орос хэл орон судлаач, МУИС-ийн ОУХС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн бөгөөд мөн Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн бакалаврын зэрэгтэй.

Барилга бүтээн байгуулалтын салбарт анх 2013 оноос эхлэн ажиллаж Монголын анхны KFC-ийн салбарын дотор засал, угсралтын ажлыг Таван богд ХХК-ийн чадварлаг мэргэжилтнүүд болон Сингапур архитектор мэргэжилтний удирдлага дор хариуцан хийж, гүйцэтгэсэн.

2017-2020 онд АХБ-ны санхүүжилттэй Олон улсын Фидик гэрээтэйгээр хэрэгжсэн Сонгинохайрхан дүүргийн Жишиг эмнэлгийн төсөлд орчуулагчаар ажиллаж Герман, ОХУ-ын чадварлаг олон улсын мэргэжилтнүүдээс дэвшилтэт техник технологи, барилгын төслийн удирдлага, арга зүйг сурч өөрийгөө хөгжүүлэн барилга бүтээн байгуулалтын салбарт өргөн хүрээний мэдлэг чадвар хуримтлуулуулж, үүний зэрэгцээ бусад жижиг хэмжээний угсралт засварын төслүүдийг менежерийн түвшинд хариуцан амжилттай хэрэгжүүлсэн.

2021-2022 онд АХБ-ны санхүүжилттэй хэрэгжсэн ЗӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахын барилга угсралтын төсөлд талбайн менежрээр,

2022-2024 онд АХБ-ны санхүүжилттэй Олон улсын Фидик гэрээтэй хэрэгжсэн Монголын анхны Эрчим Хүчний Сүлжээнд Ашиглах Том Чадлын Батарей хуримтлуурын төсөлд EPC багийн барилгын инженер,

2024 оноос АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын олон улсын төсөлд төслийн инженерээр ажиллаж байна.

Цаашид өөрийн мэдлэг чадварыг улам илүү хөгжүүлж, барилгын салбартаа олон улсын төслийн менежментийн сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой.

Ш.Ариунжаргал нь олон улсын төслүүдэд ажиллахын сацуу, Монгол Улсынхаа бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулж хүчин зүтгэхээр старт апаа эхлүүлээд байгаа билээ.

Ариунжаргалын энэхүү амжилт нь зөвхөн түүний хувийн амжилт төдийгүй Монголын бүтээн байгуулалт болон төслийн удирдлагын салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүдэд урам зориг өгөх тод жишээ болж байна. Түүний хөдөлмөрч зан, тасралтгүй хөгжих эрмэлзэл нь олон улсын мэдлэг, туршлагыг нутагшуулан эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж болохыг харууллаа. Тэрээр ирээдүйн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц мэргэжлийн ур чадвар эзэмших, шилдэг туршлагыг хэрэгжүүлэх урам зоригтой байхад нь үлгэр дуурайлал болох нь дамжиггүй.

PMI Mongolia Chapter-аас Ариунжаргалдаа халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!