Б. Ууганчимэг нь Орхон их сургуульд Герман хэлний боловсролын чиглэлээр бакалаврын (Bachelor of Arts) зэрэг, Шанхай хотын Тунжи их сургуульд Байгаль орчны менежмент ба тогтвортой хөгжил чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи болон Герман хэлний мэдлэгтэй.
Ажлын гараагаа анх сэтгүүлч, орчуулагчаар эхэлж, улмаар олон нийттэй харилцах мэргэжилтнээр дэвшин ажилласан нь түүний бичгийн болон харилцааны ур чадварын суурийг тавьж, хөгжүүлсэн чухал үе юм. Үүний дараах түүний карьерын дараагийн эргэлтийн цэг нь Erxes Inc, нээлттэй эхийн (open-source) програм хангамж хөгжүүлдэг Монголын SaaS компанид төслийн менежерээр ажиллаж эхэлсэн мөч байжээ. Эрхэст ажилласнаар програм хангамж, мэдээллийн технологи төслийн хэрэгжилтэд сонирхол нь улам гүнзгийрч, төслийн менежментийн чиглэлд мэргэжлийн түвшинд ажиллах зорилгыг төрүүлсэн байна.
Одоогоор тэрээр ээжийн амралттай байгаа бөгөөд эрч хүчээр дүүрэн, урьд урьдаас илүү үнэт зүйл бүтээх, хүмүүст төвлөрсөн, үр дүнтэй төслийн манлайллыг хэрэгжүүлэхэд илүү зоригтой, тууштайгаар ажилдаа эргэн орохоор бэлтгэж байна. PMP сертификат нь түүний энэхүү хүсэл тэмүүллийн бодит баталгаа болсон бөгөөд тэрээр цаашид өсөж хөгжих, илүү үр нөлөөтэй, уян хатан төсөл удирдлагын мэргэжилтэн болохыг зорьж байна.
Ээжийн амралтынхаа хугацаанд ч PMP сертификат авахаар зориг шулуудан, тасралтгүй суралцах гайхамшигтай тууштай байдлаа харуулсан Ууганчимэгээр бид бахархаж байна.
Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдсэнд бид баяртай байна.