Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
PMP -ийн шалгалтанд хэрхэн бэлдэх вэ? – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

PMP -ийн шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?

PMI Mongolia Chapter-аас хэрэгжүүлж буй гишүүддээ зориулсан 3 дахь удаагийн PMP exam prep buddy program-д хамрагдсан манай гишүүн Т. Чинтүшиг (PMP) өөрийн PMP зэргийн шалгалтанд хэрхэн бэлдсэн талаарх туршлагаасаа бидэнтэй хуваалцсаныг та бүхэнд толилуулж байна.
PMP-д хэрхэн бэлдэх вэ?
PMBOK – Таны өөрийн туршлага/Дадлагажих – Тест ажиллах – Энэ хэдийгээ дахин дахин давтах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
PMP мэдлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой процессуудаас бүрдэх ба үүнийг эзэмшихийн тулд танд зөвхөн сурах бичгийн мэдлэгээс гадна олон төрлийн кейсүүдийг ойлгох хэрэгцээ гарж ирнэ.
Товчхондоо, та үүний хийх ёстой гэдгээ тодорхойлсон бол мэдлэгийнхээ цоорхойг арилгахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх сахилга батыг өөртөө суулгах дээр ажиллана гэсэн үг.
Хатуу үнэн бол PMP нь Төслийн менежментийн мэргэжилтэн болох шаардлагыг хангахгүй бүртгүүлэгсдийг тухай бүрд нь хасах байдлаар боловсруулагдсан байдаг. Шалгалтад орохоос өмнө материалаа илгээж цаанаас нь туршлага ур чадвар, ерөнхий мэдлэгийг тань баталгаажуулсны дараагаар шалгалт өгөх эрх тань нээгдэнэ. Шалгалтад гарч буй асуултуудын дийлэнх нь scenario-based буюу нөxцөл байдалд суурилсан асуултууд байдаг бөгөөд онолын болон математикийн цөөн хэдэн асуулт гардаг.
Нөxцөл байдлын асуултуудад хариулахын тулд та төслийн менежерээр ажиллаж байсан туршлагаа PMBOK-ийн мэдлэгтэй уялдуулан ашиглах ёстой бөгөөд онолын болон тооцооллын асуултуудад хариулахдаа процессуудын тодорхойлолт, арга техник, төслийн менежментийн жаргон буюу мэргэжлийн үг хэллэгийг мэдэх шаардлагатай болдог. Нэмэлтээр төслийн удирдлагын үзүүлэлтүүдийг хянах томьёог мэддэг байх хэрэгтэй ба аль ч PMBOK-н хэвлэлээс нэг бүрчлэн тайлбартайн харах боломжтой.
Шалгалт нь 180 асуулттай бөгөөд эдгээр 180 асуултаас 5 асуулт нь эцсийн оноонд тооцогдохгүй. Таны үр дүн 175 асуулт дээр үндэслэгдэх болно. Гэсэн хэдий ч та ямар асуулт оноо болох аль оноонд тоологдохгүйг мэдэхгүй. Мөн та бид эцсийн үнэлгээг нарийн мэдэх боломжгүй ба таны үр дүнг 4 түвшний хэмжүүрийн бус үзүүлэлтээр харуулах болно.
Needs improvement | Below target | Target | Above target
Сайжрах шаардлагатай | Зорилтоос доогуур | Зорилтот | Зорилтоос дээгүүр
Таны эцсийн оноо “Зорилтот” ба түүнээс дээш байвал та тэнцэх болно.
Шалгалтаа дуусгахад 230 минут өгнө. Энэ нь хангалттай мэт санагдаж болох ч PMP шалгалтын хувьд энэ бага хугацаа.
Шалгалтад бэлдэж эхлэхээс өмнө PMI-ATP буюу Authorized Training Partner-ээс цахим, танхимын аль ч хэлбэрээр санал болгодог албан ёсны 35 PDU/цагийн хичээл (PDU = Professional Development Unit, 1PDU = 1 цаг) үзсэн байх ёстой. ATP зөвшөөрөлтэй дэлхий даяар олон сургалтууд байх бөгөөд сонгохын өмнө туршлага, цагийн боломж, хэлний мэдлэг, аялга зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж өөртөө тохирсныг олохын тулд судалгаа хийх хэрэгтэй болно. Зөв сургалтаа авах нь таны шалгалтын үр дүнд чамгүй нөлөө үзүүлэх тул энэ үе шатанд анхааралтай хандахыг зөвлөж байна.
1. Сургагч багшаа сонгосны дараа хичээлүүдийг авч, шалгалтад бэлдэхийн тулд тэдний урдаас бэлтгэсэн хичээл, нөөц боломжуудыг сайтар ашиглаарай. Тэд шалгалтад тэнцэхэд шаардлагатай голлох ойлголтыг нэгд нэггүй тайлбарлан өгөx болно. Сургагч багштай танхимаар эсвэл live хичээллэж байгаа бол бодит жишээ нь дээр зарим эргэлзээтэй ойлголтоо тайлбарлуулан авах (Монголын нөхцөл хэрхэн хийгдэж байсан гэх мэт) Цахимаар бол хэрэгтэй холбоснууд, хичээлээ үзэж дуусгах зөв дараалал, бусад материалуудтайгаа хэрхэн уялдуулж давтах гэх мэт ойлголтыг мэдэж аваарай. Аль хэлбэрээр хичээлээ үзсэн бай гол санааг онцолсон слайдууд, сэдэв нэг бүрд суурилсан асуултууд, туршилтын mock тестүүд, харах өнцөг гэх мэт зүйлсийг хийж ойлгож авахыг зориорой.
2. Та 35 PDU-гээ нэгэнт авсан бол PMI-д өргөдлөө илгээх цаг нь болжээ гэсэн үг. PMI-н зүгээс таны өргөдлийг хянаж үзээд батлахад 3-5 хоног шаардагдана. Ховор тохиолдолд аудитаар шалгуулахад 14-30 хоног болох нь бий. Таны өргөдлийг зөвшөөрсний дараа танд шалгалтын хуваарь болон төлбөр төлөх эрх олгогдоно. PMI веб сайтаар дамжуулан шалгалтын огноогоо товлохдоо өөрт тохирох байдлаар 3-6 сарын дараагаар өдрөө сонгон баталгаажуулаарай. Ингэснээр та ямар хэмнэлээр шалгалтдаа бэлтгэхээ тооцоход дөхөм болно.
3. Шалгалтын огноо тодорхой болсны дараа PMBOK 6, PMBOK 7-р хэвлэлийг гүйцэт уншиж ойлгохгүй хэсгүүдээ бусдаасаа асуух, цахимаар зөвлөгөө авах эсвэл PMI infinity гэх АI ботыг нь ашиглан тайлбарлуулаад явахаар тооцоорой. Энэ бол бидний голлох мэдэх ёстой мэдлэг бөгөөд ямар ч дөтлөх боломжгүй туулах ёстой зам байдаг. Энэ зуураа та PMBOK-ийн процессуудыг сайтар ойлгож, мэргэших хэрэгтэй.
4. PMI зүгээс гаргадаг PMBOK гарын авлагаас гадна бусад зохиогчдын номуудыг ашиглан голлох ухагдахууныг илүү сайн ойлгох боломжтой. Би Рита Мулкахигийн PMP шалгалтад бэлтгэх гарын авлагыг нэг бүрчлэн уншиж мэдлэгээ бататгаж явсан. Хэрэв та PMP-ийн үзэл санааг илүү гүнзгий ойлгох магадгүй илүү энгийн тайлбартайгаар мэдэхийг хүсвэл онлайнаар судалгаа хийж, сонирхсон хэвлэлээ захиалах боломжтой. Энэ нь хэдий нэмэлт ажил мэт боловч үр дүнтэй.
5. PMBOK болон бусад PMP гарын авлагатай танилцаж дууссаны дараа та төслийн менежерээр ажиллаж байсан туршлага, нэмэлтээр сурсан мэдлэгээ туршилтын mock тест өгөх замаар сорих цаг нь болжээ гэсэн үг. Дээрх тестүүд нь PMP-гийн шалгалттай ойролцоо тестүүд байдаг. Эдгээр жишиг тестүүдийг өгснөөр өөрийн хэр түвшинд байгаагаа тодорхойлж ахицаа хянах боломжтой. Мөн хамгийн гол нь 230 минутдаа багтан 180 асуултад хариулж хангалттай оноогоо авч чадах эсэхээ тодорхойлох юм. Амжаагүй, чадаагүй бол юун дээр ажиллахаа ойлгоод авдаг.
6. Энэ бүх алхмуудыг хийж дууссаны дараа та шалгалт өгөхөд бэлэн эсэхээ гадарлах болно
Шалгалтад тэнцэхийн тулд зөвхөн төслийн менежментийн мэдлэгээс илүү зүйл хэрэгтэй болдог. Үүнд туршлага, дадлага, тэвчээр орно. Бэлтгэлээ үр дүнтэй байлгахын тулд та дараах хэдэн зөвлөмжтэй танилцаарай.
1. PMP бол том сорилт. Үүнийг хөнгөнөөр хүлээж авч болохгүй. Шалгалтад тэнцэх 3 оролдлого өгөх бөгөөд оролдлого бүр төлбөртэй. Тиймээс бэлтгэлдээ хичээнгүй байж, эхний оролдлогоороо давахыг хичээгээрэй.
2. Өдөрт хамгийн багадаа 2-4 цагийг хичээлдээ зориулаарай. Өөртөө хэт дарамт өгөхгүйн тулд дунд нь завсарлага авч хэвшээрэй. Телевизийн шоу, netflix, спорт, сошиал медиа зэрэг анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийж, хамгийн чухал нь утсандаа бага цаг зарцуулахыг зориорой. Та эдгээр зүйлд цаг заваа зориулмаар санагдах болгондоо оронд нь PMBOK-оо нээгээд тодруулсан хэсгээ хараарай, эсвэл алдаануудаа эргэх харж ойлголтоо сайжруулаарай.
3. PMBOK-ийн сүүлийн хувилбар болон PMBOK-ийн сүүлийн хэвлэлтээс хойш гарсан эсвэл тулгуурлан гарсан бусад гарын авлага, сургалтын материалыг ашиглаарай. Төслийн менежментийн процессууд ч гэсэн өөрчлөгдөж сайжирч байгаа тул гэнэтийн сюрпризтэй учрахаас зайлсхийгээрэй.
4. Олон сургагч багш, сургалтын төвүүдийн оронд нэг, хоёр дээр төвлөрөн сонголтоо хийгээрэй. Онлайнаар бага зэрэг судалгаа хийсний эцэст би өөртөө тохирох сургалтын арга барилаа олж байсан. Надад танхимын сургалтад гаргах цаг бага байсан учраас онлайн хичээлүүд сонгон, ажил эрхэлж байсан болохоор хагасайн өдөр нэмэлтээр курс авч үзсэн. Дээрх хичээлүүдээ дуусгаад шалгалтаа өгөхөөр шийдээд цахимаар Udemy дээр хэдийн танигдсан хөтөлбөрийг сонгон авч үзсэн. Өөрийн тав тух, үнэлгээ дүгнэлтдээ үндэслэн сургалтын хөтөлбөрөө сонгох зөв шийдэл юм билээ.
5. Аль болох олон mock тестүүд өгөх. Шалгалт бүхэлдээ тест. Тестүүд дээр хэдий чинээ сайн ажиллана төдий чинээ таны мэдлэгийн цоорхойг арилгахад туслах болно. Шалгалт өгөхдөө бүтэн тестээ нэг удаагийн оролдлогоор дуусгахыг зориорой. Анхаарал сарниулах зүйлсээсээ өөрийгөө холдуулан, дунд нь 60 тест ажиллаад 10 минутын завсарлагаа аван 4 цаг тасралтгүй сууж тестээ хариулаад байгаарай (Танд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд чимээгүй орчин хэрэгтэй бол чихэвчээ зүүн орчноос тасрахыг зөвлөж байна). Энэ нь таны цагийн менежментийг сайжруулж, шалгалтдаа илүү сайн бэлтгэхэд тусална.
6. Шалгалт нь төслийн менежментийн бүх мэдлэгийн хүрээ, процессууд, туршлагыг шалгах болно. Тиймээс PMBOK дахь модуль бүрд ижил анхаарал хандуулаарай. Шалгалт өгөхөөс 2 эсвэл 3 хоногийн өмнөөс бэлтгэлээ багасгаж аль болох тэмдэглэсэн зүйлсээ гүйлгэж харах дээр цаг гаргаарай.
7. PMP шалгалт өндөр хяналтын доор явагддаг тиймээс мэргэжлийн бөгөөд анхааралтай байгаарай. Шалгалтын төвд цагтаа очиж (Хэрэв та танхимаар шалгалт өгөх гэж байгаа бол тестийн төвтэйгөө шалгалтын өдрөө товлохоосоо өмнө очиж танилцаарай). Шалгалтын төврүү хувийн тээврийн хэрэгслээр явахаас аль болох зайлсхийх. Шалгалтын өдөр таны хүсэх хамгийн сүүлчийн зүйл бол зогсоол олдохгүй байх, машинаа холдуулахыг шаардаж тан руу залгах, ачихаар сандаргах юм. Нийтийн тээврээр зорчих бол энэ нь танд магадгүй тайвширч, тэмдэглэлээ эргэж харах цаг өгөх болно. Зөвхөн PMP шалгалтын дэлгэцийг харуулах компьютер дээр сууж танилцуулга мэдээлэлтэй танилцаад шалгалтаа өгөхөөр бэлэн болсон үедээ эхлүүлэх боломжтойг санаарай. Шалгалтын төвд очихдоо шаардлага хангах бичиг баримт, иргэний үнэмлэхээ авч ёстойг санаарай.
8. Шалгалтаа эхлүүлсний дараа танд 00 орох зайлшгүй хэрэг гарвал гараа өргөн харгалзагчид мэдээлэн гарах боломжтой ба таны шалгалтын цаг гүйсэн хэвээр байх тул аль болох богино байлгах эсвэл зөвшөөрөгдсөн завсарлагааны цагийг ашиглахыг хичээгээрэй. Таны завсарлагааны хугацаа 10 минут тул энэ үед ч гэсэн цагийн баримжаа сайтай байхыг зориорой. Орохоосоо өмнө хоол хүнс, шингэн зүйл аль болох тохирсон хэмжээгээр хэрэглэх нь ухаалаг шийдвэр юм билээ.
9. Шалгалт нь объектив төрлийн асуултуудтай байдаг. Тиймээс, шууд зөвийг сонгох гэж оролдохоосоо өмнө асуултыг бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Зарим асуулт нь төвөгтэй бөгөөд таны анхаарлыг сарниулах эсвэл төөрөгдүүлэх хариултуудыг агуулсан байдаг. Асуулт бүр чухал учраас бүх асуултад эргэлзээгүй хариултаа өгөхийг зориорой. Бэлтгэлийн үер 30 минут тутамд 30 асуултад хариулах зорилт тавих нь үр дүнтэй. Ингэснээр та хариултаа эргэн харах хугацаа үлдээнэ. Мөн хөнгөн асуултуудад хурдан хариулах, хүнд асуултууд дээр бодох хугацаа илүүтэй олгосноор асуултын хүндрэлээс үл шалтгаалан хэрэгтэй оноогоо авах боломжтой. Энэ нь хэцүү ч хэр олон тесттэй ажилласан, хэр дасал болсноос тань ихээхэн хамаарна. Хэрэв та асуултуудыг хурдан ойлгож, түлхүүр үгээ тодруулж, буруу хариултуудыг даран сонголтоо багасгаж чадах юм бол бүрэн боломжтой.
10. Хамтран ажиллагсад, найз нөхөд, тэр байтугай гэр бүлийн гишүүддээ PMP сертификат авахаар зорьж буй талаараа зарлахаас зайлсхийгээрэй. Энэ нь хэрэггүй дарамт шахалт, бүтэлгүйтлийн айдсаас хол байхад тань туслах болно. Учир нь хүн бүр таны үр дүнг нь мэдэхийг хүсэх болно. Давсны дараагаар ярих, дуулгах боломж хангалттай олдоно. Энэ бол таны өөрийн санаачлан хэрэгжүүлж буй аялал.
11. Хэрэв урам хугарах эсвэл ахицдаа гутрах юм бол бүү санаа зовоорой. Үүний оронд илүү гэрэл гэгээтэй талаас нь хараад үзээрэй. Жишээ нь та хүсэл мөрөөдлийнхөө хойноос явж байна шүү дээ. Магадгүй ирээдүйд ажиллах орчин нөxцөлөө сайжруулахаар одооноос ажиллаж байгаа чинь таны өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт ч юм билүү. Та цагаа үр бүтээлтэй ашиглаж, дэмий үрэхгүй байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. Энгийндээ асуулт бүрийн зөв хариулт сонголтууд дунд байгаа ба та өөрийн мэдлэг туршлагаа ашиглан аль нэгийг тэмдэглэхэд л хангалттай.
12. Эцэст нь хэлэхэд, дээрх үйл явц хүнд хэцүү байж магадгүй бөгөөд заримдаа энэ нь таны хязгаарыг шалгаж болно. Хэрэв энэ зүйл танд үнэхээр хэрэгтэй л бол нь битгий бууж өгөөрэй. Харин системтэйгээр суралцаж өөрийгөө үүнийг хийж чадна гэдгийг өөртөө итгүүлээрэй. Амьдралд хамгийн чухал зүйл болох шийдвэр гаргалтаа хэмжиж үзэх гэж байгаа учир амжилтай даваад гараад ирвэл өөртөө итгэх итгэл тань илүү нэмэгдэх болно.