
PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Цэндийн Энхцэцэгт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна!
Энэхүү бахархам амжилт нь Энхцэцэгийн олон жилийн турш хуримтлуулсан инженерчлэл, төслийн удирдлага, хяналтын арвин туршлагаа олон улсын түвшинд бататгаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн төлөөх хичээл зүтгэлийн нэгэн чухал үр дүн юм. Тэрээр Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ мэдлэг, туршлагаа бусад мэргэжилтнүүдтэй хуваалцаж ирсэн нь үнэхээр бахархууштай.
Ц.Энхцэцэг нь эрчим хүчний инженерчлэл, барилга угсралт болон төслийн удирдлага, хяналтын чиглэлээр 17 орчим жилийн туршлагатай, Монгол Улсын цахилгаан хангамжийн мэргэшсэн инженер юм. Тэрээр ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний их сургуульд цахилгааны инженерийн бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
2009 онд Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-д ажлын гараагаа эхлүүлж, 2010 оноос MCS International ХХК-д ажиллаж байна. Түүний анхны томоохон бүтээн байгуулалтын ажил нь Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн I үе шат (Phase 1)-ын 35 кВ-ын цахилгаан хангамжийн холболт болон 110/35/10 кВ-ын Ухаа худаг дэд станцын барилга угсралтын төсөл байв. Тус төсөлд Supervisor-оор ажиллаж, барилга угсралт, чанарын хяналт, техникийн зохицуулалт, материал хангамж, логистик, гэрээний хэрэгжилт болон улсын комисст хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцон, төслийн хэрэгжилтийн олон талын практик туршлага хуримтлуулсан.
Үүний дараа эрчим хүчний системийн инженерийн тооцоо, судалгааны чиглэлээр ажиллаж, ETAP программ ашиглан цахилгаан системийн ачааллын урсгал, статик болон динамик тогтворжилт, шилжилтийн процессын шинжилгээ, цахилгаан дамжуулах сүлжээний холболт, реле хамгаалалт, газардуулгын тооцоо болон техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаанд оролцсон.
Тухайлбал, Ухаа худагийн 18 МВт-ын цахилгаан станцыг Төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллуулах, мөн Мандалговь–Тавантолгой–Оюу Толгой цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ-ын хүчдэлээр Төвийн эрчим хүчний системд холбох статик болон динамик горимын тооцоог гүйцэтгэсэн. Эдгээр тооцоо, судалгааны үр дүнд үндэслэн хоёр холболт амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсон. Мөн 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станцыг Төвийн эрчим хүчний системтэй холбох горимын тооцоо, судалгаанд оролцсон.
2016 оноос Оюу Толгойн гүний уурхайн болон гадаргын бүтээн байгуулалтын төслүүдэд Project Controls чиглэлээр ажиллаж, Underground Critical Facilities төслийн Planner/Scheduler-аас эхлэн 2017 оны арванхоёрдугаар сараас өнөөг хүртэл Project Control Manager-ийн үүргийг тасралтгүй гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Central Heating Plant Expansion, Material Handling System-1 (MHS-1), Ore Handling System – Panel 0 болон Panel 2 зэрэг төслүүдийн төлөвлөлт, цаг хугацаа, нөөцийн удирдлага, гүйцэтгэлийн хяналт, тайлагналын үйл ажиллагааг удирдан ажиллаж ирсэн.
Тэрээр төслийн гэрээний нөхцөл, хэрэгжилтийн онцлогт нийцүүлэн Project Controls-ийн удирдлагын тогтолцоо, төлөвлөгөө, журам, ажлын процессыг боловсруулж, хэрэгжүүлэн ажилладаг. Төслийн суурь хуваарь боловсруулах, шинэчлэх, гүйцэтгэлийг хянахын зэрэгцээ Critical Path-ийн бодит өөрчлөлт, хугацааны хазайлтыг тогтмол хянаж, болзошгүй хоцрогдлыг эрт илрүүлэн, тохирсон хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхэд анхаардаг. Мөн хугацааны хоцрогдол, нөлөөллийн шинжилгээ хийх болон хугацаа сунгах хүсэлтийн (Extension of Time – EOT) үндэслэл боловсруулах чиглэлээр туршлагатай.
2021 оны наймдугаар сараас Microsoft Power Apps технологид суурилсан ELHL application-ийг санаачлан, өөрийн удирддаг Project Controls багийнхантайгаа хамтран дотоод нөөц, мэдлэг, ур чадварт тулгуурлан хөгжүүлэлт, нэвтрүүлэлт болон тасралтгүй сайжруулалтыг удирдан ажиллаж байна. Энэхүү системийг Ore Handling System – Panel 0 болон Panel 2 төслүүдийн хэрэгжилтийн үе шат, үйл ажиллагааны онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, ашиглахад хялбар, хэрэглэгч төвтэй шийдлүүдийг нэвтрүүлжээ. Ингэснээр төслийн олон чиг үүргийн дотоод процессыг стандартчилах, цахимжуулах, автоматжуулах, гар ажиллагааг бууруулах, мэдээллийн урсгал болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.
Төслийн үндсэн төлөвлөлт, хяналтад уламжлалт буюу Predictive арга барил, харин дотоод дижитал шийдлийн хөгжүүлэлтэд Agile зарчим, хэрэглэгчийн санал хүсэлтэд тулгуурласан үе шаттай сайжруулалтыг хослуулан хэрэгжүүлдэг нь түүний Hybrid арга барилын практик туршлагыг илэрхийлдэг.
Мөн 2018 оноос хойш Document Control, Reporting, Planning болон Project Controls чиглэлээр 100 гаруй мэргэжилтнийг сургаж, мэдлэг, туршлагаа хуваалцах замаар Монгол Улсын төслийн удирдлага, хяналтын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Ц.Энхцэцэгт энэхүү амжилтад нь дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжилд нь өндөр амжилт хүсэн ерөөе! Түүний хуримтлуулсан мэдлэг, ур чадвар, манлайлал нь Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн удирдлага, хяналтын мэргэжилтнүүдийн дараагийн үеийг хөгжүүлэхэд улам их үнэ цэн бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Энхцэцэгт дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд тань улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!