ШИНЭХЭН PMI-CP™-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Эрдэнэбатын Ерөөлт Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн Барилгын мэргэжилтэн (PMI Construction Professional) PMI-CP™  зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Э.Ерөөлт, PMP®, MBA нь төслийн удирдлагын зөвлөх, сургагч багш, процесс автоматжуулалтын мэргэжилтэн бөгөөд CPI Consulting LLC-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр төсөл болон барилгын менежмент, дэд бүтэц ба барилга угсралтын төслийн хэрэгжилт, бизнес хөгжил, процессын автоматжуулалтын чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай.

Тэрээр 2020 онд төслийн удирдлагын мэргэжлийн PMP® зэргээ авсан бөгөөд Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй. Мөн Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэхтэй.

Э.Ерөөлт нь улсын хэмжээний томоохон дэд бүтэц, барилга угсралтын төслүүдийн  төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт дээр ажилласан туршлагатай. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Баянхошуу шинэ дэд төв 2-р үе шат – Авто зам, барилга, гадна дулаан, дэд бүтцийн угсралтын ажил” төсөлд ерөнхий гүйцэтгэгч Ludwig Pfeiffer Hoch und Tiefbau GmbH & Co. KG компанийн Төслийн хяналтын менежерээр ажилласан.

Мөн УСУГ-ын дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, SCADA автоматжуулалт нэвтрүүлэх, хяналт удирдлагын төв байгуулах Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл дээр ерөнхий гүйцэтгэгчийн Төслийн удирдагчаар, Багануурын 700 МВт-ын ко-генерацийн дулааны цахилгаан станцын Төвийн гадна дулаан, цэвэр усан хангамж, ариутгах татуургын шугам хоолойн төсөл дээр мөн Төслийн удирдагчаар ажилласан туршлагатай.

CPI Consulting LLC-ийг 2020 онд үүсгэн байгуулснаас хойш тэрээр Монголын 30 орчим байгууллагад PMO хөгжүүлэлт, мэргэжлийн сургалт, процесс автоматжуулалт болон төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан.

Түүний мэргэжлийн туршлага, сонирхол нь барилга, дэд бүтцийн төслийн удирдлага, төслийн төлөвлөлт ба хяналтын оновчлол, төслийн засаглал, оролцогч талуудын оролцоо, худалдан авалт ба гэрээний удирдлага, PMO хөгжүүлэлт, процесс автоматжуулалт, мөн PMI-ийн стандартуудыг технологитой уялдуулж практикт буулгах чиглэлүүдийг хамардаг.

PMI-CP™ сертификатыг эзэмшсэнээр Ерөөлт нь барилгын төслийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн мэдлэг, ур чадвараа улам бататгаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, шилдэг туршлагыг эзэмшиж байна. Ингэснээр нарийн төвөгтэй барилгын төслүүдийг үр дүнтэй удирдах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, эрсдэлийг оновчтой удирдах, төслөөр дамжуулан илүү их үнэ цэнэ бий болгох чадамжаа өргөжүүлж байна.

Түүний мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн төлөөх хичээл зүтгэл, шинэ мэдлэг эзэмших эрмэлзэл нь бусдад үлгэр дуурайл болж байна. PMI Mongolia Chapter-ийн зүгээс эрхэм гишүүн Эрдэнэбатын Ерөөлтөд энэхүү амжилтад нь халуун баяр хүргэж, цаашдын ажил, мэргэжлийн замналд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!