ШИНЭХЭН PMP® -д БАЯР ХҮРГЭЕ! 

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Дамдинсүрэнгийн Хажидсүрэнд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Д. Хажидсүрэн нь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль-ийг Цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр бакалавр, Цахилгааны инженерийн чиглэлээр техникийн ухааны магистр (MSc) зэрэгтэй төгссөн. Тэрээр “Орчин үеийн барилгын цахилгаан хангамжид нарны эх үүсвэрийг ашиглахад нөлөөлөх судалгаа” сэдвээр магистрын судалгааны ажлаа хамгаалж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хоёр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд Монгол Улсын Мэргэшсэн инженер цолтой.
Барилга, уул уурхай, үйлдвэр, дэд бүтцийн салбарт есөн жилийн туршлагатай тэрээр ажлын гараагаа Арбэл-Алтай ХХК-д Цахилгааны зураг төслийн инженерээр эхлүүлсэн. Улмаар Urban Development Consulting Group LLC-д инженерийн багийн ахлагч, төслийн удирдагчаар ажиллахдаа Оюу Толгой-н төслүүд болон Монгол Улсын 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд амжилттай ажилласан.
Д. Хажидсүрэн одоо National Construction Consulting Services LLC-д Төслийн ахлах инженерээр ажиллаж, барилга, уул уурхай, эрчим хүч, үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийн төлөвлөлт, инженерийн шийдэл боловсруулах, олон инженерийн чиглэлийн багуудын хамтын ажиллагааг уялдуулах, техникийн шийдлүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Тасралтгүй суралцах, мэргэжлийн хөгжлийг эрхэмлэдэг тэрээр төслийн удирдлагын олон улсын шилдэг арга барил, мэдлэгийг инженерийн практикт улам бүр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгын хүрээнд PMP® зэрэг хүртэж, төслийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, оролцогч талуудын хамтын ажиллагаа, үнэ цэнэ төвтэй төслийн хэрэгжилтийн чиглэлээр мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд баталгаажууллаа.
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Дамдинсүрэнгийн Хажидсүрэнд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, инженерийн салбарын хөгжил, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын үнэ цэнтэй төслүүдийг үргэлжүүлэн амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.