ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Өлзийбилэгтийн Намуунд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ө. Намуун нь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийг Бизнесийн удирдлага, Маркетингийн менежмент мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд Англи, Солонгос хэлний мэдлэгтэй.

Тэрээр ажлын гараагаа барилга, зөөлөн эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт менежерээр эхлүүлж, гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаа, ханган нийлүүлэлт, чанарын хяналтыг удирдан ажиллаж, үйл ажиллагааны удирдлага болон багийн зохион байгуулалтын чиглэлээр үнэтэй туршлага хуримтлуулжээ.

Улмаар Ө.Намуун Мобиком Корпораци ХХК-ийн Маркетингийн газрын Бизнес хөгжлийн албанд шилжин ажиллаж, Шинэ бизнес хөгжүүлэлтийн хэлтэст Маркетингийн мэргэжилтэн (Product Owner)-ээр ажилласан. Энэ хугацаанд GeoPro болон Dragon Data зэрэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэх төслүүдийг удирдан хэрэгжүүлж, хэрэглэгчдэд шинэ үнэ цэн бий болгох, бизнесийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулсан.

Одоо тэрээр Мобиком Корпораци ХХК-ийн Лояалти, хамтын ажиллагааны хэлтсийн Багийн удирдагчаар ажиллаж, зургаан Product Owner-оос бүрдэх багийг манлайлан ажиллаж байна. Энэ хүрээнд бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хамтын ажиллагааны төслүүдийг удирдан хэрэгжүүлж, хэрэглэгчийн туршлага болон бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

PMP® зэрэг хүртсэнээр Ө.Намуун төслийн удирдлагын олон улсын шилдэг мэдлэг, арга барилыг илүү системтэйгээр хэрэгжүүлэх чадавхаа улам бэхжүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт болон дижитал инновацын төслүүдийг илүү үр өгөөжтэй удирдах боломжоо өргөжүүлж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Өлзийбилэгтийн Намуунд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын мэргэжлийн замналд нь улам их амжилт бүтээл гаргаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновац болон төслийн удирдлагын салбарт үнэ цэн бүтээсэн олон төсөл хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.