ШИНЭХЭН PMP® Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн А.Уянга-Эрдэнэд Олон улсын төлийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсанд халуун баяр хүргэе.

А.Уянга-Эрдэнэ нь төслийн удирдлага, мэдээллийн системийн хөгжүүлэлт, мэдээллийн системийн аудитын чиглэлээр мэргэшин ажиллаж буй төрийн салбарын төлөөлөл юм.

Тэрээр 2019 онд үндэсний шилдэг 100 аж ахуй нэгжийн нэг болох “Алтанжолоо” группийн ERP төслийн багт ажиллаж байх хугацаандаа Төслийн менежментийн чиглэлээр мэргэших зорилгоо тодорхойлон, PMI Mongolia Chapter-д элссэн байна.

Үндэсний аудитын газарт 2021 оноос эхлэн ажиллахдаа бизнесийн шинжээч, мэдээллийн технологийн менежер, Мэдээлэл, технологийн нэгдсэн төвийн захирал, Дотоод аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор зэрэг албан тушаалд шат дараатайгаар дэвшин ажиллаж, Төрийн аудитын чиг үүрэгт хамаарах аудитын мэдээллийн системийн хөгжүүлэлт, интеграци, байгууллагын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилтийг амжилттай удирдан зохион байгуулсан.

Түүний мэргэжлийн оролцоо, удирдлага дор хэрэгжүүлсэн мэдээллийн системүүд нь төрийн аудитын үйл ажиллагааны чанар, шуурхай байдал, ил тод байдлыг дээшлүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бодитоор дэмжих нөхцөлийг бүрдүүлсэн.

2025 оны 8 дугаар сараас эхлэн И-Монгол Академи УТҮГ-ын Систем нэгтгэлийн газарт төслийн менежерээр ажиллаж, төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлж, Монгол улсын Цахим засаглалын хөгжлийн индексийг өсгөхөд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

PMP® зэрэг хүртсэнээр А.Уянга-Эрдэнэ нь төслийн удирдлагын мэдлэг, арга барил, манлайллын ур чадвараа олон улсын түвшинд баталгаажуулж, төрийн байгууллагын дижитал шинэчлэл, мэдээллийн системийн хөгжүүлэлт болон стратегийн төслүүдийг илүү үр дүнтэй удирдан хэрэгжүүлэх боломжоо улам өргөжүүлж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс А.Уянга-Эрдэнэд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон Монгол Улсын цахим засаглал, төрийн үйлчилгээний шинэчлэлд хэрэгжүүлэх төсөл, санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.