ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ! 

PMI Mongolia Chapter-ийн нэрийн өмнөөс манай эрхэм гишүүн Баяраа овогтой Мөнхсайханд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) сертификатыг амжилттай хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Энэхүү амжилт нь түүний мэргэжлийн өндөр ёс зүй, тасралтгүй хөгжилд тэмүүлэх эрмэлзэл болон төслийн менежментийн олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх чадварыг илэрхийлж байна.
Б. Мөнхсайхан нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад ERP систем нэвтрүүлэлтийн чиглэлд өөрийн карьераа амжилттай өөрчилсөн. Тэрээр 2020 оноос эхлэн ODOO ERP систем нэвтрүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн Asterisk Technologies LLC компанид ERP системийн нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн.
Түүний анхны томоохон төсөл нь уул уурхайн олборлолтын байгууллагад ERP систем нэвтрүүлэх ажил байсан бөгөөд тухайн үед тус салбарын үйл ажиллагааг огт мэдэхгүй байсан нь хамгийн том бэрхшээл болж байлаа. Уг төслийн хүрээнд байгууллагын олборлолт, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс болон үүнтэй холбоотой Худалдан авалт, Борлуулалт, Агуулах, Санхүүгийн бүртгэлийн тодорхой хэсгүүдийг автоматжуулан ажилласан. Үүнээс гадна байгууллагын Хүний нөөц болон цалингийн удирдлагыг ERP системд бүрэн шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн.
2023 оноос хойш Б.Мөнхсайхан нь Asterisk Technologies LLC компанийн Төслийн менежментийн албаны дарга (PMO Head) албан тушаалд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэрээр уул уурхай, барилга, худалдаа, үйлдвэрлэл зэрэг олон салбарын байгууллагуудад ERP систем нэвтрүүлэх төслүүдийн шинжилгээ, хөгжүүлэлт болон go-live үе шат хүртэлх бүх ажлыг удирдан амжилттай хэрэгжүүлсэн. Нийтдээ дэд бүтэц, онлайн худалдаа зэрэг салбаруудыг оролцуулан 25 гаруй төсөл дээр ажилласан бөгөөд яг одоогийн байдлаар BSB Group-ийн ERP нэвтрүүлэлтийн төслийг удирдан явуулж байна.
ERP систем нэвтрүүлэх ажил нь тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагааг эхнээс нь дуустал нарийвчлан судалж, гүнзгий ойлгохыг шаарддаг. Учир нь энэхүү систем нь байгууллагын процесс бүрд болон ажилтан бүрд шууд нөлөөлж ажилладгаараа онцлогтой юм.
Түүний мэргэжлийн замнал нь тасралтгүй суралцах, өөрчлөлтөд дасан зохицох, байгууллагад бодит үнэ цэн бүтээхэд чиглэсэн хичээл зүтгэлийн тод жишээ болж байна.
PMI Mongolia Chapter-ийн зүгээс Б.Мөнхсайханд энэхүү гайхалтай амжилтад дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйн бүх үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье.