ШИНЭХЭН PMI-CP™ -Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Нанзадын Нэмэхбаяр нь Олон улсын Төслийн Удирдлагын Институт (PMI®)-ээс олгодог Барилгын мэргэшсэн мэргэжилтэн PMI-CP™ (Construction Professional) зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Н.Нэмэхбаяр нь Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2014 онд ОХУ-д бакалавр, 2020 онд БНСУ-д магистрын зэрэг хамгаалсан. Суралцах хугацаандаа судалгааны чиглэлээр ажиллаж, ган дам нурууны орон зайн тогтворжилтын онолын судалгааны сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлсэн туршлагатай.

Тэрээр барилга, байгууламжийн угсралтын ажлын хүрээний Мэргэшсэн инженер, EDGE олон улсын ногоон барилгын үнэлгээний системийн “EDGE Expert”-ийн зэрэгтэй, орон сууцны хорооллын “Буянт-Ухаа 2” болон “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал”-ын төслүүдэд талбайн инженер, тооцооны туслах инженерээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зургийн туслах инженерээр ажилласан туршлагатай. Н. Нэмэхбаяр нь “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн үндсэн барилга угсралтын ажлаас эхлэн Улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл Төсөл хэрэгжүүлэх нэгжид барилгын хяналтын инженерээр ажилласан. Тухайн төсөлд ажиллаж эхэлснээс хойш барилгын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн талбайн ажлын чанарын шаардлагаас гадна гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллах, ажлын цар хүрээг зөв тодорхойлж баталгаажуулх, оролцогч талуудын хоорондох харилцааг холбоог удирдах, эрсдэлүүдийг урьдчилж тодорхойлох зэрэг барилгын төслийн удирдлагын суурь ойлголтуудыг ахисан түвшинд суралцах, ажилдаа хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.

Энэ цаг үед тэрээр PMI Mongolia Chapter-аас зохион байгуулсан PMI CP Exam Prep Buddy Program-д хамрагдсан нь  PMI-CP шалгалтад амжилттай бэлтгэж, энэхүү нэр хүндтэй сертификатыг эзэмшихэд чухал дэмжлэг болсон юм.

Н.Нэмэхбаярт мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, олон улсын түвшний мэдлэг, чадварыг эзэмшсэнд халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!