ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Батхүүгийн Энхсувд Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад баяртай байна.

Б.Энхсувд БНХАУ-ын Санхүү Эдийн Засгийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Монгол Улсын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Санхүүгийн удирдлагын магистр зэргээр суралцан төгссөн.

Тэрээр Оюу Толгой ХХК-ийн зэсийн баяжмалын борлуулалтын багт 4 жилийн хугацаанд борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа зэсийн баяжмалын худалдан авагч компаниудтай харилцах, гэрээний үүргийн хэрэгжилтийг хянах, худалдан авалтын процессын зохицуулалт үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан.

Одоогоор Б.Энхсувд нь Рио Тинто Монгол ХХК-ийн Төслийн хяналтын багт Төслийн зохицуулагчаар ажиллаж, Рио Тинто-гийн Ази, Номхон далайн бүс дэх Хөнгөн цагааны группд хэрэгжиж байгаа мэдээллийн технологи болон дэд бүтцийн төслүүд дээр ажиллаж байна. Тэрээр Хөнгөн цагааны уурхайн төслүүдийн засаглал, PMO багийн процесс ба стандартын хэрэгжилт, тайлан болон баримт бичгийн хяналт, мөн төслийн өдөр тутмын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

Түүний төслийн удирдлагын хяналт, зохицуулалтын чиглэлд шилжин ажиллаж буй нь шинэ нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй, төслийн удирдлагын салбарт бат бөх, урт хугацааны карьер бий болгох тодорхой зорилготойг нь илтгэн харуулж байна.

PMP® гэрчилгээг амжилттай хүртсэн нь Энхсүвдийн сахилга бат, тууштай байдал, төслийн удирдлагын дэлхийн шилдэг туршлага, стандартуудыг баримтлан ажиллах чин хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн чухал амжилт юм. Энэхүү гэрчилгээ нь түүнд илүү өндөр түвшний манлайллын үүрэг хариуцлага хүлээж, олон улсын түвшинд хэрэгжиж буй нарийн төвөгтэй төслүүдэд илүү үр дүнтэй хувь нэмэр оруулах боломжийг нээж байна.

Энхсувддаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.