ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Батмөнхийн Түвшинжаргал Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад баяртай байна.

Батмөнхийн Түвшинжаргал нь Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй ба одоогоор БНСУ-д Олон Улсын Худалдааны магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

Тэрээр ажлын гараагаа 2018 онд Худалдаа Хөгжлийн Банканд Зээлийн эдийн засагчаар эхлүүлж Ахлах зээлийн эдийн засагч болон Жижиг дунд бизнес хариуцсан Харилцааны менежерээр тус тус ажиллаж иргэд ба бизнесийн сегментийн олон харилцагч түншүүдтэй хамтран ажиллаж жижиг дунд бизнесийн орчны арвин туршлага хуримтлуулсан. Б. Түвшинжаргал улмаар өөрийн хуримтлуулсан туршлагадаа үндэслэн хурдацтайгөөр өсөн хөгжиж буй банкны цахим бүтээгдэхүүн үйлчилгээний дижитал шилжилт, зээлийн үйлчилгээний автоматжуулалт, дотоод процессын шинэчлэл, сайжруулалтын төслүүдийг удирдан ажиллаж байсан.

Б. Түвшинжаргал нь үргэлж өөрийгөө хөгжүүлэн ажиллахыг эрмэлздэг бөгөөд уян хатан байдлаар аливаа асуудлыг хурдацтай шийдвэрлэх, багаар хамтран ажиллах, баг удирдах, баг болон оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн тууштайгаар ажилласаар ирсэн.

Тэрээр цаашид өөрийн эзэмшсэн төсөл удирдах арга аргачлалд үндэслэн олон улсын практик туршлагаас суралцан судалгаа шинжилгээнд суурилсан шинэлэг, хэрэгжүүлж болохуйц төслийг байгууллагын онцлог, стратегийн зорилгод тулгуурлан хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой.

PMP® гэрчилгээ нь  Б. Түвшинжаргалын төслийн удирдлагын өргөн мэдлэг, туршлага болон мэргэжлийн хөгжлийн төлөөх тууштай хүсэл эрмэлзлэлийн тод илэрхийлэл юм.

Түвшинжаргалдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.