Залуучуудын ирээдүйн ур чадварыг хэлэлцэх Шинэ Үе – Шинэ Чадвар сэдэвт олон улсын бага хурал болно

Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр олон улсын төслийн удирдлагын бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тус байгууллагаас 2022 онд уламжлалт арга хэмжээгээ “Шинэ Үе – Шинэ Чадвар” сэдвийн хүрээнд аравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорэйт Конвеншн Центрийн Концертын танхимд зохион байгуулна.

Төслийн удирдлагын шалгарсан, шинэлэг туршлагуудаас суралцах, цаашид төслийн удирдлагын чиглэлээр мэргэших, ур чадвараа ахиулах зорилготой бүх шатны удирдлага, мэргэжилтнүүд төдийгүй оюутан залууст зориулагдсан тус бага хурал нь залуучуудад хөдөлмөрийн зах зээлд дэх өсөн дэвжих боломжуудын талаарх эх сурвалжууд, үнэ цэнтэй мэдлэг мэдээлэл түгээх гэж буйгаараа залуу боловсон хүчнүүдийн заавал зорих ёстой арга хэмжээний нэг болж байна.

Жил ирэх тусам өсөн нэмэгдэх бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, төслийн удирдлагын олон улсын шилдэг аргачлалыг нэвтрүүлэх, залуу төслийн мэргэжилтнүүд төдийгүй оюутан залуучуудыг тус бага хурлаар чадавхжуулахад чиглүүлэхийг зорьж байна.

Энэ удаагийн бага хурлаар салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд, оюутан залуусын төлөөлөл нийт 500 гаруй оролцогч цуглаж 2 өдрийн турш чуулна.

Бага хурлын үеэр дотооддоо болон олон улсад амжилттай ажиллаж буй туршлагатай төслийн удирдагч, менежерүүд “Төслийн удирдлагын ирээдүйг эрчимжүүлэх”, “Төслийн удирдлагад залуучуудын оролцоог тодорхойлох нь”, “Ирээдүйд бэлтгэгдсэн ур чадварууд” “Бүтээлч ур чадварууд” зэрэг шинэлэг сэдвүүдээр мэргэжлийн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Арга хэмжээний онцлох илтгэгчдээс төлөөлүүлэн дурдвал PMI Global-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Аляскийн Их Сургуулийн Төслийн удирдлагын тэнхимийн Эрхлэгч, Профессор ЛүАнн Пиккард (PMP®) төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээний салбарт 50 гаруй жилийн туршлагатай, PMP® олон улсын сертификатын үндэслэгчдийн нэг, “Ламберт Консалтинг Групп ХХК” -ийн Гүйцэтгэх захирал Ли Ламберт (PMP®), нар бидний урилгаар оролцож илтгэл танилцуулж буйгаараа онцлогтой.

Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment